< Өмнөх хуудас руу буцах

Төгсөгчдийг Угтан Авах арга хэмжээ

Нийтэлсэн: 2019-08-30

Австралийн Засгийн газрын тэтгэлгээр магистрын зэргийн сургалтыг дүүргээд, эх орондоо эргэн ирсэн 21 төгсөгчдийг угтан авах ёслол 2019 оны 8 дугаар сарын 27-нд болж өнгөрлөө. Энэ удаагийн төгсөгчид нь санхүү менежмент, хууль, байгаль орчны менежмент, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан гэх мэт олон салбарт мэргэшин суралцсан.

Тус арга хэмжээнд төгсөгчид Австралийн сургалтаас олж авсан мэдлэг, туршлага, түүний дотор өөрсдийн үзсэн хичээлийн ач холбогдол, үнэ цэнэ, академик орчин, суралцах хугацаандаа хийсэн судалгаа, төсөл болон дадлагын ажилд гаргасан амжилт ололт, шинээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа цаашид хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар ярьж, мэдээлэл өгөв. Зарим оюутнуудын өөрсдийн Австрали улсаас олж авсан мэдлэг, туршлагаа илүү өгөөжтэй ашиглах боломжтой салбарт ажиллахаар төлөвлөсөн байлаа.

Түүнчлэн Австрали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Дэйв Воусэн, МУ-ын Засгын Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дэд Дарга У.Бямбасүрэн нар хүрэлцэн иржээ. Элчин сайд Дэйв Воусэн амжилттай суралцаад ирсэн төгсөгчдөд баяр хүргэв. Тэрээр Монгол Австралийн нийгэмлэгийн үйл ажиллагаа, төгсөгчдийн олон улсын сүлжээний тухай болон Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрт төгсөгчдийгөө оролцохыг уриалж, төгсөгчид хоорондын холбоо уялдааг бэхжүүлэх тал дээр ажиллахыг уриаллаа.

МУ-ын Засгын Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дэд Дарга У.Бямбасүрэн төгсөгчдөд баяр хүргэж, хүний нөөцийг чадавхижуулах, хоёр орны хооронд мэргэжлийн болоод хувь хүмүүс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тэтгэлэгт Хөтөлбөрийн оруулж байгаа хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцсан олон төгсөгч Монголын хувийн хэвшлийн салбарт өөрсдийн суралцсан мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дурдав. Улмаар Австрали, Монгол улс хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд МУ-н Засгын Газар сургалтын тэтгэлгээр төгсөгчдийг, ажлын байраар хангах үүрэг хүлээсэн гэдгийг санууллаа. Төгсгөлд нь нийт төгсөгчдөд Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Үүний дараа, бусад төгсөгчид шинээр олж авсан мэдлэг, мэдээллээ ирэх хоёр жилд хэрхэн өөрсдийн ажиллаж буй салбартаа нэвтрүүлж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, чиглэлээ хэлэлцэв. Төгсөгчид хийж бүтээх оргилуун хүсэл тэмүүлэл, урам зоригтой ирсэн төдийгүй шинэ санал санаачлага, сэдсэн ажил хэргээ биелүүлэх зориг эрмэлзэл дүүрэн байлаа.