Монгол оюутнууд НАЙДОК долоо хоногийг угтан Австралийн уугуул иргэдийн соёлтой танилцаж байна
Нийтэлсэн: 2026-07-10
Жил бүрийн долоодугаар сарын эхний долоо хоногт “НАЙДОК долоо хоног” буюу Австралийн уугуул иргэдийн соёл, түүх болон тэдгээрийн амжилтыг бататган тэмдэглэдэг уламжлалтай үндэсний тэмдэглэлт өдрүүд тохиодог билээ. Үүнтэй холбогдуулан Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Монгол улсаас Австрали улсад суралцаж буй Монгол оюутнууд Австрали улсын уугуул иргэдийн соёл, уламжлал болон ёс заншилтай биечлэн танилцлаа.
Монгол оюутнууд болох Нармандахын Сувд-Эрдэнэ, Тэгшээбаатарын Оюунтөгс нар бусад орны есөн оюутнуудын хамт 5 дугаар сарын 22–25-ны өдрүүдэд Өмнөд Австрали дахь Икара–Флиндерс нурууны үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Ikara-Flinders Ranges National Park)-д очиж, Юра угсааны хүн бөгөөд Адняматанха (Adnyamathanha) соёлын сургагч багш Жон Соларын удирдлага дор Адняматанха ард түмний түүх, соёлтой танилцав.

Сувд-Эрдэнэ, Оюунтөгс (зүүнээс гурав, дөрөв дэх) нар бусад тэтгэлэгт оюутнуудын хамт, хөтөч Жон Солар (арын эгнээний баруунаас хоёр дахь), түүний зээ дүү Брижитт Трелоар-Уолкер (зүүн талд) болон Australia Awards – South Asia & Mongolia хөтөлбөрийн Уугуул иргэдийн оролцооны зөвлөх Алис Таманг (зүүнээс хоёр дахь)-ийн хамт.
Энэхүү танилцах аялалын үер Жон оюутнуудад Юра Муда буюу уугуул иргэдийн үүсэл, тэдгээрийн домог, хууч яриаг хуваалцаж, нутгийн хэлээр ярьж, мөн Адняматанхачуудын эмчилгээ, зан үйл болон хүнсэндээ ашигладаг ургамлуудыг танилцуулсан юм. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид Адняматанха ард түмний соёл, оюун санааны хувьд хамгийн чухал, ариун хадны зурагт дурсгалуудын нэг болох Акурра Адня (Аркару хад) руу явган аялал хийх, гал асаах, уламжлалт талх хийх, мөн нутгийн зэрлэг амьтдыг ажиглах зэрэг үйл ажиллагаанд оролцов. Тухайлбал, Анду (шар хөлт модны авгалдай) буюу (англи нэр нь witchetty grub) Адняматанха хэлний “witjuri” гэдэг үгнээс гаралтай модны авгалдайг хайж ажигласан байна.

Оюунтөгс (баруун талд) Бангладешийн тэтгэлэгт оюутан Аки Миттра Чакматай (зүүн талд) хамт гал асаах аргыг туршиж байна.
Байгаль орчны менежментийн магистраар суралцаж буй Оюунтөгс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн байгаль хамгаалалд Адняматанха ард түмний уламжлалт арга барил, эх нутагтайгаа тогтоосон гүн гүнзгий холбоо хэрхэн хувь нэмэр оруулдгийг ойлгож мэдсэндээ үнэхээр их талархаж байлаа. Тэрээр хэлэхдээ, “Энэ туршлагаас авсан хамгийн чухал ойлголт бол байгаль орчны үр дүнтэй менежментэд шинжлэх ухааны мэдлэг төдийгүй уламжлалт экологийн мэдлэг ч мөн адил шаардлагатай байдаг явдал юм. Шинжлэх ухааны судалгаа чухал нотолгоо өгдөг боловч нутгийн иргэд болон уугуул ард түмний мэдлэг нь зөвхөн өгөгдлөөр илэрхийлэгдэхгүй үнэ цэнтэй ойлголт, мэдээллийг санал болгож чаддаг. Цаашид байгаль орчны менежментийн чиглэлээр суралцаж, мэргэжлийн карьераа хөгжүүлэхдээ шинжлэх ухаан болон уугууд иргэдийн мэдлэгийг уялдуулан ашиглах арга барилаар ажиллахыг хүсэж байна. Энэ аялал надад байгаль орчноо хамгаалах үйлс нь зөвхөн техникийн хариуцлага бус, мөн соёлын болон нийгмийн хариуцлага гэдгийг илүү гүнзгий ойлгуулсан” гэжээ.
Сувд-Эрдэнийн хувьд энэхүү туршлага нь өөрийн үндэс угсаа болон үндэстний соёлоо эргэн санахад хүргэсэн байна. Тэрээр: “Би Монголын баруун бүсийн Захчин ястан бөгөөд амьдралынхаа эхэн үеийг нүүдэлчин гэр бүлд өнгөрүүлсэн. Манай гэр бүл, нутаг усны түүх, уламжлал, үнэт зүйлс үеэс үед аман хэлбэрээр өвлөгдөн ирсэн юм. Жон уугуул иргэдийн домог, хууч яриаг хүүрнэн ярьж байхыг сонсоход эмээгийн минь гэр бүл, нутаг ус, өв уламжлалынхаа тухай байнга ярьж өгдөг байсан дурсамж сэргэж байлаа. Манай хоёр соёл газар зүйн хувьд хол оршдог ч мэдлэг, ухаанаа хойч үедээ үлгэр домог, хүүрнэлээр дамжуулан өвлүүлдэг, ахмад настнуудаа хүндэтгэдэг, мөн газар нутагтайгаа нягт холбоотой байдаг зэрэг олон нийтлэг үнэт зүйлтэйг ойлгосон” гэжээ.
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагчид 6 дугаар сард Питта Питта Вангкамадла үндэстний эмэгтэй, сүлжмэл урлаач, зураач, соёлын сургагч багш Ронни Жорданын удирдсан сүлжмэлийн урлалын хоёр удаагийн сургалтад хамрагдсан юм. Сургалтын өмнө оролцогчдод сүлжихэд шаардлагатай материалуудыг хүргүүлсэн бөгөөд ингэснээр тэд Роннигийн үзүүлэн зааврыг даган бодит цаг хугацаанд дадлага хийх боломжтой болсон юм.
Ронни сүлжмэлийн урлалын соёлын ач холбогдлыг тайлбарлахдаа сүлжсэн бүтээлүүд нь түүх, хүмүүсийн харилцаа холбоо болон эх нутагтайгаа холбоотой байдлыг илэрхийлж чаддаг болохыг онцлов. Мөн тэрээр соёлын зан заншил, ёс журмын ач холбогдлын талаар ярьж, Welcome to Country (уугуул нутгийн иргэд зочдыг албан ёсоор угтан авах ёслол) болон Acknowledgement of Country (уугуул нутгийн иргэдийг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх илэрхийлэл)-ын ялгааг тайлбарласан байна.
Сургалтын үеэр оролцогчид байгалийн ширхэгт материалыг хэрхэн бэлтгэж, ашиглах талаар суралцсан бөгөөд үүнд түүхий эдийг хэрхэн цуглуулах, хатаах, зөөлрүүлсний дараа сүлжмэл урлалд ашигладаг үйл явцыг багтаажээ. Түүнчлэн Ронни уугуул ард түмний ургамал, улирлын өөрчлөлт болон байгаль орчны шинж тэмдгийн талаарх уламжлалт мэдлэг нь соёлын зан үйлд хэрхэн тусгалаа олдог, мөн байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад хэрхэн дэмжлэг үзүүлдгийг тайлбарласан байна.

Монгол оюутнууд болох Молор-Эрдэнэ Мөнхдалай, Нямцэцэг болон Гантулга нар оролцсон сүлжмэлийн сургалтын үеэр өөрсдийн хийсэн ажлынхаа ахицыг танилцуулж байна.
Дараа нь оролцогчдод гогцоо гаргах (looping), ороон сүлжих (coiling), оёдол хийх (stitching) зэрэг энгийн сүлжмэлийн арга техникүүдийг зааж өгсөн. Эдгээр сургалтууд нь суралцагчдад Австралийн уугуул үндэстнүүдийн (First Nations) соёлтой практик байдлаар, хүндэтгэлтэйгээр танилцахын зэрэгцээ сүлжих урлалын тайвшруулах, төвлөрүүлэх ач тусыг биеэр мэдрэх боломж олгосон юм.
Даваасүрэнгийн Билэгтийн хувьд энэхүү туршлага нь үнэхээр сонирхолтой аялал байжээ. “Гар урлал хийж, алхам бүрийг анхааралтай даган удаан, тайван хийх нь миний төсөөлснөөс ч илүү амар амгалан мэдрэмж төрүүлсэн. Абориген сүлжмэлийн урлал нь хичнээн их тэвчээр, ур чадвар шаарддаг болохыг илүү гүнзгий ойлгож, хүндэтгэх болсон” хэмээн тэрээр ярьжээ.
Мөн 6 дугаар сард оюутнууд Абориген соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа (Aboriginal Cultural Connection Workshop)-д оролцох боломжтой байв. North & West Melbourne Neighbourhood Centre байгууллага Yarn Strong Sista-тай хамтран зохион байгуулсан хоёр цагийн энэхүү арга хэмжээ нь суралцагчдад найрсаг, олон нийтийн орчинд үлгэр түүх сонсох, харилцан ярилцах болон бүтээлч үйл ажиллагаагаар дамжуулан Абориген соёлын талаар суралцах боломж олгосон юм.
Сургалтын төгсгөлд Зүүн Кулин Үндэстний (Eastern Kulin Nation) Таунгурунг угсааны бахархалт төлөөлөгч, уран бүтээлч Аннетт Саксын удирдсан охрын өнгө, хэв маягаас сэдэвлэсэн дүрслэх урлагийн дадлага ажил болсон байна. Аннетт оролцогчдыг байгалийн гаралтай материалыг ашиглан бүтээлчээр ажиллахыг уриалж, өөрсдийн соёлын онцлог, үнэт зүйлсийг илэрхийлсэн түүхээ хуваалцах боломж бүрдүүлжээ.
Ерөнхийдөө эдгээр үйл ажиллагаа нь суралцагчдад Австралийн уугуул иргэдтэй бодитой харилцаж, тэдний соёл, мэдлэгийн тогтолцооны талаар суралцах практик туршлага олгосон байна. НАЙДОК долоо хоногийн (NAIDOC Week) хувьд тэдний туршлага болон сэтгэгдлүүд нь соёлоор дамжуулан хэрхэн улс хоорондын болон нийгмийн харилцан хүндэтгэлийг гүнзгийрүүлж, шинэ холбоо, ойлголцлыг бий болгодгийг харуулж байна.

