Эрүүл мэндийн салбарт технологиор тэргүүлэх нь
Нийтэлсэн: 2020-03-16
Ариуболдын Өсөхбаяр нь 2012 онд Куинслендийн Их Сургуульд Биотехнологийн ахисан түвшний магистрын зэргээр (танхимын болон судалгааны) суралцаж төгссөн. Австралийн их сургуулиуд нь биотехнологийн чиглэлээр дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд багтдаг тул тэрбээр Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргасан юм.
Ялангуяа Австралийн их дээд сургуулиуд нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эрдэм шинжилгээ, биотехнологийн судалгаануудыг хийж, дэлхийн бусад шилдэг их дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай ажиллаж, их сургууль – аж үйлдвэрийн түншлэлийг дэмжин ажилладаг. Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргах болсон өөр нэг шалтгаан нь оюутнуудад олгодог таатай нөхцөл боломжууд байсан. Хувийн санхүүжилтаар суралцдаг оюутнуудтай харьцуулахад Австралийн Засгийн газрын тэтгэлэгт оюутнууд нь хичээлээс гадуур ажил хийж амьжиргааны зардал олох талаар санаа зовохгүйгээр хичээлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэх бололцоотой.
Хөгжлийн биологи, тэр дундаа Бөөрний хөгжлийн биологийн чиглэлээр олон улсын хэмжээний эрдэмтэн, судлаач, профессор Мелисса Литтлийн удирдлага дор А. Өсөхбаяр 1.5 жилийн хугацаанд бөөрний үүдэл эсийн судалгаа хийсэн. Тэрээр магистрын судалгааны ажлын үр дүнгээ бөөрний эрдэм шинжилгээний олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг болох Америкийн Бөөр судлалын холбооны сэтгүүлд (JASN) нийтлүүлсэн байна (2013 онд импакт фактор 9.6).
Түүнчлэн, А.Өсөхбаяр нь Куинслендийн Бизнесийн сургууль дээр салбар дундын төслийн хүрээнд судалгаа, хөгжлийн шинжээчээр хагас цагаар ажиллахдаа эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийд тэргүүлэгч компани болох Күүк Мэдикал компаний Ази Номхон Далайн бүсийн салбарт судас болон дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийн инноваци хөгжүүлэлтийн ерөнхий бүдүүвчийг боловсруулан юм.
А. Өсөхбаяр нь Австралид суралцаж байх хугацаандаа нийгмийн идэвхтэй оюутан байсан бөгөөд хамт суралцаж буй биотехнологийн ангийн оюутнуудтайгаа хамтран “Куинслендийн Их сургуулийн биотехнологи ба молекул биологи судлаач” оюутны клубыг байгуулж, шинэ оюутнуудад курс сонгох, судалгааны төсөлд өргөдөл гаргах, шалгалтанд бэлтгэх талаар зөвлөгөө өгч хичээлээс гадуурх бусад үйл ажиллагааг зохион байгуулж байсан.
Сургуулиа төгсөөд Монголдоо эргэн ирсний дараагаар тэрээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд (АШУҮИС) Гадаад харилцааны албаны даргаар томилогдон ажиллажээ.
АШУҮИС-д ажиллаж байхдаа тэрээр Технологи Дамжуулах Алба болон Их сургуулийн Технологийн Зөвлөлийг байгуулсан байна. Улмаар магистрын сургалтаас болон Күүк мэдикалд ажилласан туршлагадаа суурилан их сургуулийн инноваци, технологийн дамжуулалтын журам, их сургуулийн гарааны компани байгуулах журам, оюуны өмч болон судалгааны менежментийн чиглэлээр их сургуулийн харгалзах дүрэм, журмуудыг боловсруулан батлуулсан байна. Эдгээр журмууд нь тус их сургуулийн багш нар өөрсдийн оюуны өмчөө үнэлүүлэх, гарааны бизнесээ эхлэхэд хамгийн чухал эрхзүйн зохицуулга болсон бөгөөд журам батлагдсанаас хойшхи хоёрхон жилийн хугацаанд 5 гарааны компаниуд тус их сургууль дээр байгуулагдсан. Их сургуулийн судалгаа, оюуны өмчийг биет бус хэлбэрийн хөрөнгө болгох, зах зээлд нэвтрүүлэх, аж үйлдвэртэй холбох гүүр байгуулах нь түүний Монголд хийхийг зорьсон Австралийн практик ажлын нэг хэсэг байв.
А. Өсөхбаяр 2015 онд карьерын хувьд томоохон шилжилт хийж Мандал Даатгал ХХК-д (одоо хувьцаат компани)
Эрүүл мэндийн даатгал хариуцсан захиралын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Тэрээр Куинслендийн Их Сургуулийн Бизнесийн сургуулиас олж авсан ур чадвараа ашиглан Монголын анхны хувийн эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн болох “Жаргалан эрүүл мэндийн даатгал”-ын бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүний дэд бүтцийг боловсруулан зах зээлд нэвтрүүлсэн. “Жаргалан эрүүл мэндийн даатгал”-ын сүлжээ эмнэлгүүд нь Монголын хамгийн том хувийн эмнэлгүүдийн сүлжээ болж, дотоодын хувийн эрүүл мэндийн даатгалын зах зээлийг 400 гаруй хувиар өсгөсөн байна. Үүнээс гадна, “Жаргалан эрүүл мэндийн даатгал”-ын бүтээгдэхүүн нь “Bloomberg Awards 2015”-c оны шилдэг Инноваци шагналыг хүртсэн.
Мандал даатгалд ажиллаж байх хугацаандаа тэрээр MunichRE болон Lamp Insurance зэрэг олон улсын даатгалын компаниудад эрүүл мэндийн даатгалын андеррайтинг, эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эрүүл мэндийн үйлчилгээг оновчтой болгох чиглэлээр сургалтанд хамрагдсан.
Түүний олон улс дахь ажлын туршлага, эрүүл мэндийн болон даатгалын салбар хоорондын мэдлэг, туршлага Куинслендийн Их Сургуулиас олж авсан хувь хүний болон мэргэжлийн ур чадварууд (жишээ нь ажлын төлөвлөлт, харилцаа холбоо, шийдвэр гаргах, тохирсон боловсон хүчинд ажлыг хуваарилах, асуудлыг шийдвэрлэх / шийдэл эрэлхийлэх, сэдэлжүүлэх) нь Өсөхбаярыг Нью-Йоркт төвтэй олон улсын эрүүл мэндийн зөвлөгөө өгөх фирмд хоёр жилийн турш эрүүл мэндийн үйлчилгээний зөвлөхөөр ажиллах боломжийг олгосон.
Тэрээр
“Австрали улсад сурч амжилттай төгссөнөөр өөртөө илүү итгэх итгэлийг олж, аливаа зүйлийг өргөн цар хүрээтэй, олон талт байдлаас хардаг болсны ачаар манлайлал, судалгаа шинжилгээний болон нетворкинг үүсгэх ур чадваруудыг дэлхийн аль ч өнцөг ашиглах чадвартай болсон”
тухайгаа онцолсон юм.
Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй тэрээр 2019 онд Монголд буцаж ирээд мэдээллийн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний “Зевтроник” ХХК-ийг байгуулжээ. Тус компани нь түүний олон улсын түвшинд эзэмшсэн эрүүл мэндийн үйлчилгээний мэдлэг, туршлагад суурилан Монгол дахь эрүүл мэндийн салбарын голлох үйлчилгээнүүдэд технологийн дэвшлийг ашиглан шинэлэг шийдлийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Түүнчлэн, А.Өсөхбаяр нь Аутизм ба Бусад Онцгой Хүүхдийн Академийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд тус байгууллага нь хөгжлийн бэрхшээл, аутизм хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд оношилгоо, интервенцийн үйлчилгээ үзүүлж, олон улсын шилдэг туршлагыг Монголд Улсад нэвтрүүлж байна.
А.Өсөхбаяр хэлэхдээ “Австрали улсад суралцахдаа олж авсан чухал чадварууд нь одоог хүртэл гаргасан амжилт ололтонд чухал нөлөөтэй бөгөөд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт талархаж явдагаа илэрхийлж байна”, эдгээр чадваруудаас дурдвал:
1) Лабораторийн эрдэм шинжилгээний ажил нь түүнд аливаа бэрхшээлд шантралгүй, бүтээлчээр ажилд хандаж байх
2) Их сургууль бизнесийг холбосон салбарт ажиллах боломж олдсон нь түүнд эрдэм шинжилгээний үр дүнг зах зээлд нэвтрүүлэх болон оюуны өмч нь бизнесийн ямар чухал хэсэг болохыг ойлгоход тусалсан
3) Олон улсын ажлын туршлагатай болсон нь түүнийг өөр өөр соёлыг ойлгож, тухайн соёлыг хүндэтгэж, өөр соёл иргэншилтэй хүмүүстэй хамтран ажиллах, нөхөрлөх боломжийг нээсэн байна.
Тэрээр Австрали Улсын засгийн газарт хандан “Дэлхийн түвшний боловсролыг өөрийн хүссэн мэргэжлээр эзэмших, мөн гайхалтай хүмүүстэй танилцуулж, үзэсгэлэнт Австралид суралцах боломжийг олгосонд маш их талархаж байна”.