< Өмнөх хуудас руу буцах

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч Монгол Улсын байгаль орчны тогтвортой байдалд хувь нэмэр оруулж байна

Нийтэлсэн: 2020-01-8

Лхагвасүрэнгийн Пүрэвдүлам  2016 онд Куинслендийн их сургуульд Байгаль орчны менежментийн магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр Австралид тэтгэлэгээр  сурахаасаа өмнө  “Аспайр Майнинг” уул уурхайн компанид  Байгаль орчны мэргэжилтнээр ажиллаж байжээ. Австрали Улс нь байгаль орчны менежментээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бакалаврын дараах сургалтын хөтөлбөртэй учраас Пүрэвдулам Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг сонгосон байна.

Монгол Улстай нэгэн адил Австралийн  эдийн засагт нь уул уурхайн салбар томоохон байр суурь эзэлдэг байна. Австрали нь Монгол Улстай хамтран хэрэгжүүлдэг уул уурхайн томоохон нэг төсөл нь Өмнөговь аймагт орших Оюу Толгойн уурхай билээ.

Австрали Улсад сурсанаар  мэргэжлийн мэдлэгийн цар хүрээгээ тэлж,  мэдээлэл боловсруулах, судалгааны бүтээл бичих ур чадвараа сайжруулсныг Пүрэвдулам онцолж байна. Тэрээр  сургуулийнхаа Шинжлэх Ухааны тэнхимд зуны судалгааны хөтөлбөрийн хүрээнд эрдэм шинжилгээний ажилтны туслахаар ажилласнаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлын  туршлага хуримтлуулсан төдийгүй “Байгаль орчин, шилжилт хөдөлгөөний мэргэжилтнүүд: тэд хэн болох, тэдний үзэл бодол” гарчигтай эрдэм шинжилгээний бүтээлээ Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Бодлогын сэтгүүлийн 2017 оны цувралд[1] хэвлүүлжээ.

Австрали Улсад тэтгэлгээр суралцаж дууссаны дараагаар Пүрэвдулам “Аспайр Майнинг” уул уурхайн компанид Байгаль орчны мэргэжилтнээр ажиллаж байсан боловч 2019 оны 5 дугаар сараас тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөө ажиллах хүсэл эрмэлзэлээ даган Монгол Экологийн Төв (МЭТ) төрийн бус байгууллагад бүтэн цагийн сайн дурын ажилтнаар ажиллахаар шийдсэн.

“Мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин шаардаж буй орон нутгийн байгууллагад ажилласнаар Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой юм байна гэж үзсэн. Түүнчлэн МЭТ төрийн бус байгууллага нь Монгол орны алслагдсан сумдын сургуулийн хүүхдүүдтэй ажилладаг тул Австралид сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах сайхан боломж байгааг олж харсан”

МЭТ ТББ нь Хөвсгөл аймгийн Хатгал, Ханх сумын малчдын хүүхдүүдэд байгаль хамгааллын мэдлэг олгох зуны сургалт үнэ төлбөргүй зохион байгуулдаг.

“Хариуцлаггүй уул уурхай болон бэлчээрийн нөөцийн хомсдол нь байгаль орчинг доройтуулж байгаад хүүхдүүд маш их санаа зовинодог бөгөөд тэдэнтэй ажилласнаар байгаль хамгааллыг үр дүнтэй болгож болно гэдэгт би итгэдэг”.

2018 оны 7 дугаар сард Пүрэвдулам Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамнаас санхүүжүүлж Ашигт малтмал, эрчим хүчний хөгжлийн холбооноос зохион байгуулсан аялалын хүрээнд “Байгаль орчны нөхөн сэргээлт ба биологийн төрөл зүйлийн тэнцвэрт байдал” сэдвээр  Баруун Австралид туршлага судалжээ.

Пүрэвдулам МЭТ-д сайн дураар ажиллахаас гадна Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төгсөгчидтэй хамтран “Ногоон хөгжил ба тогтвортой байдлын төв” төрийн бус байгууллагыг  байгуулсан. Тус байгууллагын зорилго нь байгаль орчин, байгаль хамгааллын боловсролын чиглэлээр чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулахад  оршино. Австралид аялсан аялалаас сурсан мэдээллээ ашиглан, 2018 онд “Байгаль орчны нөхөн сэргээлт ба биологийн төрөл зүйлийн тэнцвэрт байдал” сэдвээр Улаанбаатар хот, Хөвсгөл аймагт 2 удаа сургалт зохион байгуулж, байгаль орчны мэргэжилтнүүдтэй туршлага хуваалцсан. Семинарт  төв, орон нутгийн төрийн албан хаагчид, байгаль орчны мэргэжилтнүүд болон малчид оролцсон.

Мөн Пүрэвдулам нь Монгол Австралийн нийгэмлэгийн дэмжлэгээр Өмнөговь аймаг дахь “Говийн Уурхайчин” төрийн бус байгууллагын албан тасалгааны засвар, тохижилтыг хийлгэжээ.