< Өмнөх хуудас руу буцах

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч Монгол оронд байгальд ээлтэй сууцыг хөгжүүлэх болон нарны эрчим хүч ашиглах шийдэлд манлайлан оролцож байна

Нийтэлсэн: 2025-12-5

Агаржавын Эрбар нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Сэргээгдэх эрчим хүчний тогтвортой хөгжлийн чиглэлээр  RMIT их сургуулийг 2021 онд төгссөн. Австралид суралцахаасаа өмнө тэрээр Монголын эрчим хүчний салбарт өөрийн гэсэн байр сууриа бэхжүүлж, дулааны тоолуурын засварчингаас Улаанбаатар хотын Дулааны Төвийн Шугам Сүлжээний Компанийн Инженерчлэл, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга хүртэл ажилласан. Энэ хугацаанд тэрээр халаалтын систем, эрчим хүчний хэмнэлт, төслийн менежментийн чиглэлээр гүнзгий туршлага хуримтлуулсан байна.

Эрбар тогтвортой эрчим хүч, барилгын технологийн чиглэлээр дэлхийд өндрөөр үнэлэгдэх туршлага болон мэдлэг олж авахаар Австралийг сонгосон. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан тэрээр Монголын байгаль орчин, эрчим хүчний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бодит, практик шийдлүүдийг судлах явцдаа дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээний мэдлэг олж авсан байна. Тэрээр RMIT-д суралцсанаар сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, эрчим хүчний хадгалалт, байгальд ээлтэй барилгын гүйцэтгэлийн талаар ахисан түвшний мэдлэгтэй болсон. Мөн тэрээр Австралийн амины орон сууцанд нарны эрчим хүчийг нэвтрүүлэх талаар онолын болон практик ойлголттой  болсон бөгөөд одоогийн байдлаар 3.7 сая гаруй өрхийн дээврийг нарны эрчим хүчний системээр хангах ажилд гар бие оролцсон байна.  Мөн түүнчлэн өрхийн нарны систем нь цахилгаан хуримтлуургүйгээр хэт их суурилагдсанаас үүдэлтэй сүлжээний тогтворгүй байдал үүсэх, өдрийн цагаар илүүдэл эрчим хүчний үйлдвэрлэл бий болох зэрэг сөрөг үр дагаварыг Монголдоо давтахгүй байхыг сануулж байгаа юм.

Түүний хэлснээр, Монголд нарны эрчим хүчийг ашиглах технологийг нэвтрүүлэх нь дөнгөж эхлэлийн шатандаа явж байна. Энэ нь дээврийн нарны эрчим хүчийг хуримтлуулах системийг эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны ухаалаг төлөвлөлттэй хослуулж, тэнцвэртэй арга барилыг авч хэрэгжүүлснээр хэт их нийлүүлэлтийн эрсдлээс зайлсхийх боломжийг олгох юм байна.

Австралид олж авсан мэдлэг туршлага дээр үндэслэн Эрбар Монгол улсын Эрчим хүчний хуулийн шинэчлэлийн багт зөвлөхөөр ажиллаж “Өрхийн нарны цахилгаан системийг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх бодлого”-н талаар танилцуулан хамтран ажиллаж байна. Энэхүү шинэчилсэн хууль хэрэгжвэл төрөөс  айл өрх, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүч хуримтлуур бүхий нарны цахилгаан системийн суурилуулалтыг урамшуулах, ухаалаг сүлжээ болон эрчим хүчний хэмнэлттэй сууцны шийдлийн уялдаа холбоог хангахад тодорхой дэвшил гарна гэж үзэж байгаа аж.

Түүний зөвлөж байгаагаар, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тэр дундаа утаа гаргагч нүүрс түлдэг зуухнуудын тоог багасгахад өртөг багатай, эрчим хүчний хэмнэлттэй амины сууцны оруулах хувь нэмэр асар их бөгөөд, энэ талаарх бодлогыг үргэлж дэмжиж ирсэн билээ.

Дээврийн нарны эрчим хүчний хавтан, түүний  цахилгаан хуримтлуур болон пассив орон сууцны технологийг нэгтгэж тэдгээрийн тоог нэмэгдүүлснээр монгол дахь барилгын салбарт нэгэн шинэ хуудас нээх бөгөөд энэ нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, сууцны дотор агаарын чанарыг сайжруулах ба өрхийн эрчим хүчний хэрэглээний зардлыг эрс бууруулах ач холбогдолтой хэмээн тэрээр үзэж байна.

Түүний Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах цаашдын урт хугацааны зорилт нь эрчим хүчний хэмнэлттэй сууцны үндэсний хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал юм. Нарны эрчим хүч болон пассив сууцны олон улсын хөгжлийн туршлагаас харахад, барилга байгууламжийн олон улсын стандартуудтай уялдуулан боловсруулсан чанартай бодлогын баримт бичиг нь нүүрстөрөгчийн бага ялгаруулалттай сууцны салбарыг хөгжүүлэх, мөн дээврийн нарны эрчим хүч болон цахилгаан хуримтлуурын хэрэглээг тогтвортой нэмэгдүүлэх гол хөдөлгөгч хүчин болдог гэдэгт тэрээр итгэдэг.

2024 онд, Эрбар өөрийн ажлын гараагаа эхлүүлэн 15 жилийн турш мэргэжлээрээ ажилласан Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХКомпанид  “Залуу Манлайлагч Хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлсэн байна. Энэхүү хөтөлбөрөөр 35 хүртэлх насны залуу инженерүүд болон менежерүүдийг гаргаж ирэх, тэдний манлайлах, удирдан зохион байгуулах, тасралтгүй суралцах соёлыг дэмжих цаашдын хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Уг хөтөлбөрийг Эрбар өөрийн зүгээс бүрэн санхүүжүүлдэг бөгөөд цаашдаа жил бүр тогтмол явуулахыг эрмэлзэж байна.

Эрбар залуу манлайлагчдыг дэмжих нь монгол улсын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөрөнгө оруулалт гэж үздэг. Хүчтэй бөгөөд шинэлэг санаачлагуудыг авчирч буй суурь түвшин дэхь манлайлал нь тогтвортой бөгөөд урт хугацааны насжилттай дэд бүтцийг бий болгоход чухал үүрэгтэй ажээ.

Улаанбаатар хотын дулааны хангамжийн салбарын инженерээр ажиллахаас эхлүүлээд төслийн удирдагч, ашгийн бус байгууллагын хамтран үүсгэн байгуулагч, байгальд ээлтэй болон эрчим хүчний хэмнэлттэй сууцны мэргэжилтэн болтлоо өсөж дэвжсэн түүний хувь хүний хөгжил төдийгүй салбарын манлайлал, олон улсын боловсролын зэрэг болон хуримтлуулсан мэргэжлийн дадлага туршлага нь түүнийг салбартаа утга учиртай, урт хугацаандаа тогтвортой өөрчлөлтийг авчирахад гол түлхэц болж байна. Түүний энэхүү түүх нь “Хувь хүнийг хөгжүүлснээр тухайн орны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахын сацуу хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” хэмээх Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн алсын хараатай нийцэж байгаа нь бахархууштай. Энэ бол зөвхөн эхлэл юм шүү хэмээн Эрбарт эелдэгээр захиж хэлмээр байна. Монгол орны цэвэр эрчим хүч, хүрээлэн буй орчинд ээлтэй орон сууц болон манлайллын хөгжилд оруулж буй түүний хичээл зүтгэл урьд урьдынхаас илүү хүчтэй тэлсээр байна.