Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын хүртээмжийг сайжруулах үйлсэд манлайлж байна
Нийтэлсэн: 2026-03-31
Монгол улсаас Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг хүртэгч Сэргэлэнцогтын Билгүүн нь Флиндерсийн их сургуульд Тусгай боловсролын хүртээмж чиглэлээр магистрын зэргээ Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр саяхан хамгаалсан юм.
Тэрээр Австралийн тэтгэлэгт хөтөлбөр – 2027 оны нүүр царайгаар шалгарсан билээ. Тэтгэлэгт хөтөлбөр түүний хувийн болон карьерын өсөлтөд хэрхэн нөлөөлөв, хөтөлбөрөөс олж авсан мэдлэг туршлагаа Монгол улсын цаашдын хөгжилд хэрхэн зориулах талаар асууж, түүний тэтгэлэгт хөтөлбөрийн талаар сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцахаар дараах ярилцлагыг толилуулж байна.

Билгүүн (голд) Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн бусад Монгол оюутнуудтай хамт зургаа авахуулж буй мөч.
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт яагаад өргөдөл гаргахаар шийдсэн бэ?
Хувь хүний болон мэргэжлийн үүднээс маш гүн гүнзгий утгатай хэрэгцээ шаардлага байсан учраас энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргахаар шийдсэн. Харааны бэрхшээлтэй хүний хувьд Монгол улсад амьдарна гэдэг, тэр дундаа багш болно гэдэг бол нэлээн саад бэрхшээлтэй асуудал юм. Өөрийнхөө ахлах сургуульд байсан он жилүүдээ тодхон санаж байна. Тухайн үед надад хичээл зааж байсан ихэнх багш нар самбар дээр юу байгааг харах чадваргүй харааны бэрхшээлтэй сурагчтай хэрхэн харилцах, хичээлээ хэрхэн заах арга зүйн тал дээр ихээхэн дутагдалтай байсан. Түүнээс гадна, ерөнхий боловсролын сургуульд бусдын адил суралцах хүсэлтэй байсан ч энэ нь үргэлж бусад сурагчид болон багш нараас ирэх ялгаварлан гадуурхалттай тулгарч, ангидаа бусдаас тусдаа суун хичээлдээ оролцох нь ердийн үзэгдэл мэт байлаа.
Хувь хүний зүгээс хэлэхэд, тухайн үед би манай улсын боловсролын системд буй шүүмжлэлт буюу гажуудалтай тогтолцоог олж харсан. Хэдийгээр Монгол улсын засгийн газар, Монгол улсын боловсролын яам бүх нийтэд хүртээмжтэй бодлого хэмээх маш амбицтай хөтөлбөрийг 2022 онд зарласан ч, энэ нь бодит амьдрал дээр төдийлөн амжилттай хэрэгжээгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Бид хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг бусдын адил ерөнхий боловсролын сургуулиудад суралцах эрхийг хуулиар хүлээн зөвшөөрсөн ч гэсэн хүний нөөцийн дэд бүтэц буюу тухайн бодлогыг хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй тусгай хэрэгцээт боловсролын багш нар, мэргэжилтнүүд, сургалтын хөтөлбөр хөгжүүлэгчид гэх мэт мэргэжлийн хүмүүс бэлтгэхээ мартсан байна. Би үүнийг зүгээр хараад сууж чадахгүй байсан учраас энэ тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргасан. Хөгжлийн бэрхшээл судлалын салбартаа нэр хүндтэйгээс гадна хоёр жилийн магистрын хөтөлбөр санал болгож байсан болохоор би Флиндерсийн их сургуулийг сонгосон юм. Би зүгээр нэг боловсролын зэрэг хүртэхийг хүсээгүй бөгөөд Монгол дахь тусгай хэрэгцээт боловсролын нөхцөл байдлыг хөгжүүлэх ба дахин шинэчлэх үйлсэд минь үнэтэй хувь нэмэр оруулах өргөн хүрээний бөгөөд судалгаанд суурилсан мэдлэгийг олж авахыг зорьсон юм.

Билгүүн (зүүн талд) хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч Шарлотт Янг (голд), Шри Ланкийн оюутан Халида Мохамед Махруф (баруун талд)-ын хамт Аделаида хотод болсон 2024 оны оюутнуудын чуулга уулзалт дээр зураг авхуулж буй мөч.
Хувь хүний болоод мэргэжлийн хөгжлийн хувьд Австралийн тэтгэлэгт хөтөлбөр хэрхэн нөлөөлсөн бэ?
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр надад жирийн нэг багш байхаас илүү холыг харах сэдлийг өгч миний өсөлт хөгжлийн хурдасгуур болсон гэж хэлж болно. Хувь хүний зүгээс хэлэхэд, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр Флиндерсийн их сургуульд суралцах нь надад онолын хувьд “Яаж” гэдэг асуултын цаана үргэлж “Яагаад” гэдэг асуулт байдаг гэдгийг ойлгуулсан. Би аливаа зүйлд өөрийн зөн совингоор ханддаг багшаас нотолгоонд суурилсан судлаач болж өөрчлөгдсөн. Тэнд сурч байхдаа Канберра хотод зохион байгуулагдсан Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн Өмнөд ази болон Монголын оюутнуудын чуулга уулзалтад оролцсон явдал нь хамгийн чухал мөчүүдийн нэг байлаа. Энэ үйл ажиллагааны ачаар би Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж буй бусад улсын манлайлагч залуустай уулзаж, харилцаа холбоо тогтоох боломжтой болсон юм. Мөн үүнээс үүдэлтэйгээр хөгжлийн бэрхшээл гэдэг бол засах ёстой ямар нэгэн эрүүл мэндийн гажуудал биш бөгөөд энэ нь тогтолцооны хувьд шинэчлэл хэрэгтэй хүний эрхийн асуудал гэдгийг сайтар ойлгож авсан юм. Боловсролд эдийн засаг, соёл болон хууль эрхзүйн үүднээс үнэлэлт дүгнэлт өгөх, тэдгээрийг уялдуулах хэрэгтэйг ойлгосон бөгөөд энэ талаар би өмнө нь хэзээ ч бодож байгаагүй билээ.
Тэтгэлэгт хөтөлбөр надад бие даасан байдал гэж юу болохыг мэдрүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд гадаад улсыг зорино гэдэг нь хүндхэн даваа мэт санагдаж байсан ч энэ сорилт нь надад өөртөө итгэх итгэл болон тууштай байдлаа хөгжүүлэхэд хүчтэй түлхэц болсон бөгөөд эдгээр чанаруудыг өөртөө байдагт өмнө нь би эргэлздэг байлаа. Энэхүү хөтөлбөр надад зөвхөн тусгай хэрэгцээт боловсролын талаар заасангүй. Би хэрхэн манлайлах, манлайлагч болох талаар сурсан. Хөгжлийн бэрхшээл гэдэг нь саад бэрхшээл бус харин энэ нь онцгой туршлага юм байна гэдгийг ойлгосон. Чадварлаг Англи хэлний багш байхаас гадна нийгэмд өргөн хүрээний өөрчлөлтийг авчрахын тулд олон улсын түвшинд засгийн газар болон олон улсын байгууллагуудтай харилцах чадвартай бодлого тодорхойлогч болох хэрэгтэй гэдгийг мөн ойлгосон.

Билгүүн (урд эгнээний баруун талд) Өмнөд Ази болон Монголын бусад оюутнуудтай хамтран 2025 оны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх хөтөлбөрт оролцож буй мөч.
Суралцахаас гадна Австралид амьдрах ямар байсан бэ?
Австралид байх хугацаандаа би жинхэнэ хүртээмжтэй нийгэм гэж ямар байдгийг мэдэрсэн. Флиндерсийн их сургуульд суралцахаас гадна Аделаид хоттой танилцахад нилээн цаг зав гаргасан. Харааны бэрхшээлтэй хүний хувьд Австрали улс надад бие даасан байдал гэж юу болохыг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн гэж хэлэхэд болно. Явган хүний зам дээрх харааны бэрхшээлтэй хүнд зориулсан хүрэлцэхүйц хучилтын жигд байдал, гарц болгон дээр буй дуут дохионууд болон олон нийтийн номын санд байдаг хүртээмжтэй дэлгэц уншигч гэх мэт зүйлсийг хараад би үнэхээр биширсэн гэдгээ нуух юун. Магадгүй эдгээр зүйл нь бусдад өчүүхэн жижиг зүйлс мэт боловч харин миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрхэм зэрэг – нандин чанар гэх мэт зүйлсийг бүрэн утгаар нь хүндэтгэн авч үзсэн нийгмийн хүртээмж байлаа.
Биет орчноос гадна тухайн нийгмийн соёлын хувьд үнэхээр тааламжтай ба хүртээмжтэй. Би олон нийтийн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож, сайн дурын ажил хийж, мөн орон нутгийн болон олон орны соёл, ёс заншлуудтай танилцах боломжтой олон улсын үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож байсан. Би сургуулийнхаа найзуудтай Австрали улсын хэд хэдэн хотууд болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялсан. Энэ нь надад хүртээмжтэй соёлын талаар илүү их ойлголтыг өгсөн юм. Энэ нь зөвхөн сургуульд суралцах асуудал биш юм. Энэ бол нийгмийн тогтолцоо нь хэрхэн хүн бүрд тэгш хүртээмжтэйгээр үйл ажиллагаа явуулж энэ нь иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буйг харж болох сонгодог жишээ юм. Би гадуур явахдаа олон нийтийн үйлчилгээний газрууд болон нийтийн тээврийн хүртээмжийн талаар үргэлж ажиглалт хийн Улаанбаатар хотын гудамж талбайг хэзээ нэгэн цагт иймэрхүү хүртээмжтэй болгоход хэрхэн нөлөөлөх тухайгаа бодож мөрөөддөг байлаа.

Билгүүн төгсөлтийнхөө үеэр Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн батламжаа барин бахархалтайгаар зогсож буй мөч.
Сургуулиа амжилттай төгсөөд Монголдоо ирээд удаагүй байгаа байх. Улсынхаа цаашдын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах төлөвлөгөөтэй байна вэ?
Би өөрийн сурч мэдсэн зүйлсээ дараах гурван арга замаар дамжуулан улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах төлөвлөгөөтэй байна. Нэгдүгээрт, би туслах хэрэглэгдэхүүний өргөн хэрэглээнд тулгуурлан англи хэл болон компьютерын ур чадваруудаа дээшлүүлэх хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй сурагчдаа дэмжин ажиллана. Энэ нь тэдний академик түвшинд суралцах ур чадваруудыг сайжруулаад зогсохгүй хөдөө орон нутгийн болон ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж буй сурагчдад дижитал чадвараа хөгжүүлэх болон ирээдүйн мэргэжлээ сонгоход нь тус болох юм.
Хоёрдугаарт, мэргэжлийн хөгжлийн талаарх сургалтын хөтөлбөр боловсруулж ерөнхий боловсролын сургуулийн багш нарт сургалт явуулна. Ингэхдээ Австралид сурсан зүйлсийн нэг болох хүртээмжтэй сурган хүмүүжүүлэх арга барилыг нэвтрүүлж, өөр өөрийн гэсэн суралцах онцлог хэрэгцээтэй хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд багш мэргэжлээр сурч буй оюутнуудад судалгаанд суурилсан практик арга зүйн талаар ойлголтыг өгнө. Ингэснээр, боловсролын тогтолцоо буюу анга танхим дахь хүртээмжийн асуудал болон багшийн идэвх болон хүртээмжийн талаарх хандлага нэмэгдэнэ. Эдгээр чадварууд нь хүртээмжтэй боловсролын талаарх ойлголт дөнгөж дэлгэрч эхэлж буй болон хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг суралцахад нь дэмжих арга зүйн дутагдалтай байгаа энэ үед хамгийн хэрэгцээтэй ур чадварууд юм.
Гуравдугаарт, Монгол дахь хүртээмжтэй боловсролын талаар өргөн хүрээний судалгаа хийж, хөгжлийн бэрхшээл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад танилцуулан тэдгээрийг хүртээмжтэй холбоотой төсөл хэрэгжүүлэхэд нь дэмжин ажилласнаар төрийн бус байгууллагууд болон судалгаанд суурилсан бодлого боловсруулах үйл явцыг чанаржуулна. Үүний үр дүнд төрийн болон төрийн бус байгууллагууд, боловсролын байгууллагууд болон бодлого боловсруулах түвшинд мэдлэг болон мэдээллийн зөрүү багасах юм.
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргахаар зэхэж буй хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхож буй хүн бүрд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандаж хэлэх миний зөвлөгөө их энгийн. Таны бодол бол таны хамгийн гайхалтай хүч юм. Өргөдөл бичихдээ өөрт тань тулгарч буй ямар нэгэн саад бэрхшээлийг дурдахдаа бүү санаа зов. Харин түүний оронд, тухайн саад бэрхшээлүүдийг өөрийн үнэ цэнтэй туршлага хэмээн тодорхойл. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь өөрийн улсын тулгамдаж буй асуудлуудыг мэддэг, тэдгээрийг засаж залруулах бодит бөгөөд тод томруун алсын хараатай, зорилготой манлайлагчдыг хайж байдаг. Өөрийнхөө зорилгод нийцэх Австралийн сургуулийг сонгоорой. Миний хувьд Флиндерсийн их сургууль миний зорилготой нийцэж байсан учраас би сонгосон.
Хоёрдугаарт, “Буцаан-байршуулах-төлөвлөгөө”-н дээрээ маш сайн анхаарал хандуулаарай. Тэтгэлэг авах нь зөвхөн эхлэл бөгөөд энэ нь таны эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах гүүр болж өгдөг. Австралийн сайн туршлагыг Монголын хөрсөн дээр хэрхэн буулгах талаар сайтар эргэцүүлээрэй. Жишээ нь, Монгол улсын соёл, нийгэм, эдийн засгийн хувьд тулгамдаж буй асуудлууд нь Австрали улсаас мэдээж өөр. Тиймээс та тэнд сурч мэдсэн зүйлсээ Монгол улсын хөрсөн дээр буулгах чадвартай байх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, Англи хэлээ яг одоогоос сурч эхлэн, тасралтгүй хөгжүүлээрэй. Учир нь та Англи хэлний тусламжтайгаар таныг олон улсын тавцан дээр гаргах, эх орондоо үнэхээр хэрэгтэй байгаа тэрхүү мэдлэгийг авчрах боломжтой болох юм. Өөрийн түүхийг үнэ цэнтэй гэдэгт итгэ. Энэ нь магадгүй таны эх оронд хамгийн хэрэгтэй бөгөөд хүн бүхний сонсохыг хүссэн түүх ч байж болно шүү дээ.