Орон нутгийн боловсролын хөгжлийг тууштай дэмжиж буй төгсөгч
Нийтэлсэн: 2026-08-12
Батнасан овогтой Солонго нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Флиндерсийн их сургуульд суралцаж, 2024 онд Хүртээмж ба тусгай боловсролын магистрын зэрэг хамгаалсан юм. Тэрээр Улаанбаатар хотоос 1300 орчим километрийн зайд орших Монгол Улсын баруун бүсийн аймаг болох Увс аймагт хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж байна. Австралид суралцахаасаа өмнө Солонго 21 жилийн турш англи, орос хэлний багшаар ажиллажээ. Багшлах хугацаандаа тэрээр газарзүйн алслагдсан байршил, боловсролын нөөцийн хомсдол, чанартай сургалтын хүртээмжийн тэгш бус байдал зэрэг шалтгааны улмаас суралцахад хүндрэлтэй нөхцөлд байгаа олон хүүхдүүдийг дэмжин ажилласан байна.
Мөн тэрээр багшлах ажлынхаа хажуугаар өнчин хүүхэд, асран хамгаалах дэмжлэг багатай ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад чиглэсэн сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож иржээ. Эдгээр туршлага нь олон төрлийн суралцах хэрэгцээтэй хүүхдүүдэд тулгардаг сорилт, саад бэрхшээлийг илүү гүнзгий ойлгоход нь чухал нөлөө үзүүлсэн байна.
Олон улсын боловсролын тогтолцоонд ашиглагдаж буй нотолгоонд суурилсан арга зүй, сайн туршлагыг эх орондоо нэвтрүүлж, боловсролын хүртээмжийг тэгш болгоход хувь нэмэр оруулах хүсэл нь түүнийг Австралид ахисан түвшний боловсрол эзэмшихэд хөтөлжээ. 2023 онд тэрээр мэргэжлийн хөгжлийн төлөөх идэвх санаачилгаа үнэлүүлэн Australia Awards – South Asia & Mongolia хөтөлбөрийн Scholar Champions Program-ын хүрэл түвшний үнэлгээ хүртсэн байна. Энэхүү хөтөлбөр нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс зохион байгуулдаг арга хэмжээ, сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон төгсөгчид, суралцагчдыг урамшуулан үнэлдэг үйл ажиллагаа юм.

Солонго их сургуулийнхаа өмнө магистрын зэрэг хамгаалсан гэрчилгээгээ бахархалтайгаар барин зогсож байна.
2024 онд магистрын зэргээ хамгаалан эх орондоо эргэн ирсний дараа Солонго Увс аймагтаа хүртээмжтэй болон тусгай боловсролын чиглэлээр мэргэшсэн цорын ганц мэргэжилтэн болсон юм. Түүний энэхүү мэдлэг, ур чадвар нь сургууль, багш, орон нутгийн байгууллага, олон нийтийн түвшинд хүртээмжтэй боловсролын арга барилыг нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Монголд ирснээсээ хойш тэрээр хүртээмжтэй боловсролын чиглэлээрх ажлаа улам өргөжүүлжээ. Увс аймгийн удирдлагатай хамтран Улаангом сумын захын бүсэд байрлах, боловсролын нөөц бололцоо хязгаарлагдмал сургуулийн номын санг шинэчлэн тохижуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Энэхүү ажлаа үргэлжлүүлэн хөгжүүлэх зорилгоор Солонго 2025 онд Australia Awards Alumni Grant хөтөлбөрт төсөл ирүүлж, түүний “Tea & Tales” санаачилга санхүүжилт авахаар шалгарчээ. Төсөл нь сурагчдын ном унших дадлыг төлөвшүүлэх, уншиж ойлгох чадварыг сайжруулахад чиглэсэн бөгөөд нийт 96 сурагчийг хамруулсан байна. Төслийн хүрээнд сургуулийн номын сан шинэ ном, уншлагын материалаар баяжиж, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ сурагчдын эрүүл дадлыг дэмжих зорилгоор дахин ашиглах боломжтой усны сав олгожээ.
Түүнчлэн Солонго Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “УУ” төсөлд санхүү, хөрөнгө босголтын чиглэлээр өөрийн хувь нэмрээ оруулсан байна. Энэхүү орон нутгийн хөгжлийн санаачилга нь хүүхэд, ялангуяа сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд зөв ус уух дадлыг хэвшүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Төсөл Улаанбаатар хот болон Дархан-Уул, Увс, Хэнтий, Сэлэнгэ зэрэг аймгуудад хэрэгжиж, есөн цэцэрлэгийн 600 гаруй хүүхдэд шууд хүрч ажилласан байна.
“УУ” төслийн бодит үр дүнгийн нэг нь хүүхдийн усны савыг сургуулийн өмнөх боловсролын байгууллагад шаардлагатай эрүүл ахуйн хэрэглэгдэхүүний албан ёсны жагсаалтад багтаасан явдал байв. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд өнөөдөр улсын хэмжээнд 265 мянга гаруй цэцэрлэгийн хүүхдүүд усны сав тогтмол хэрэглэх эрхзүйн орчин бүрдсэн байна.
Австралийн боловсролын тогтолцооноос олж авсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан Солонго олон улсын сайн туршлагыг орон нутгийн нөхцөлд нийцүүлэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тэрээр хүүхэд, залуучууд, гэр бүлүүдэд хүртээмжтэй суралцах боломж бүрдүүлэх, хүүхдийн цогц хөгжлийг дэмжих зорилготой олон нийтийн төвийг байгуулжээ. Үүний зэрэгцээ орон нутгийн багш нарт тогтмол зөвлөгөө, менторинг үзүүлж, хүртээмжтэй сургалтын арга зүйг хэрэгжүүлэх чадавхыг нь нэмэгдүүлсээр байна.
Солонго сайн дурын үйл ажиллагааг залуучуудын нийгмийн хариуцлага, иргэний оролцоог төлөвшүүлэх чухал хэрэгсэл хэмээн үздэг. Тэрээр “Дулаан гутал” аяны болон “Хичээлийн шинэ жилийн бэлтгэл” зэрэг олон нийтийн санаачилгыг хэрэгжүүлж, амьжиргааны боломж хязгаарлагдмал өрхийн хүүхдүүдэд бодит дэмжлэг үзүүлжээ.
Австралид суралцаж байх хугацаандаа тэрээр төрөлх нутагтаа аутизмтай хүүхдүүдийг дэмжих төслийг мөн санаачлан хэрэгжүүлсэн байна. Монгол Улсын хэмжээнд англи хэлний тэмцээн зохион байгуулах зэрэг хөрөнгө босгох үйл ажиллагаагаар дамжуулан аутизмтай таван хүүхдэд зориулсан хэрэгцээнд нь тохирсон боловсролын үйлчилгээ, сургалтын хэрэглэгдэхүүнийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлжээ. Тэрээр зөвхөн шууд тусламж үзүүлэхээс гадна сурагчдаа сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урамшуулан дэмждэг. Ингэснээр хүүхэд, залуучуудад энэрэнгүй үзэл, бусдыг ойлгох чадвар, иргэний хариуцлага болон манлайлах ур чадвар төлөвшихөд хувь нэмэр оруулж байна.
2025 оноос эхлэн Солонго орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилготой сар бүрийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээгээр эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, манлайлал, хувь хүний хөгжил, Увс аймгийн амжилттай эмэгтэйчүүдийн туршлагаас суралцах боломж, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг чухал асуудлыг хөндөн ярилцдаг. Тэрээр энэхүү ажлаараа эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл, манлайлах чадвар, орон нутгийн хөгжилд оролцох оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.
Түүний манлайлал, нийгмийн сайн сайхны төлөөх тууштай үйл ажиллагааг үнэлэн саяхан Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгосон юм. Энэхүү үүргийн хүрээнд тэрээр хүртээмжтэй боловсролыг дэмжих, боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх бодлогын төлөө ажиллаж байна. Ийнхүү Солонго орон нутгийн шийдвэр гаргах үйл явцад бодитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ нийгмийн хөгжлийн бодлогод эмзэг болон орхигдсон бүлгүүдийн дуу хоолойг тусгахын төлөө хүчин чармайлт гаргасаар байна.
