< Өмнөх хуудас руу буцах

Монголд бүх нийтэд хүртээмжтэй нийгмийг цогцлоох үйлсэд манлайлан оролцож байна

Нийтэлсэн: 2025-12-8

Занданхүүгийн Мөнхзул 2008 онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргах үедээ нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байсан залуу бас эрч хүчтэй мэргэжилтэн байв. Тухайн үедээ тэтгэврийн мэргэжилтнээр 6 орчим жил ажиллаад байсан туршлагатай тэрээр Монголын тэтгэврийн системийн тогтолцооны алдаа оноог маш сайн мэдэж байлаа. Гэсэн хэдий ч Мөнхзул тэтгэвэр хүртэгчид, тэр дундаа зорилтот бүлгийн хүмүүст илүү үр өгөөжтэй тогтолцоог бүрдүүлэхийн тулд тэтгэврийн засаглалын менежментийг сайжруулах тал дээр өөрийн ур чадвараа дээшлүүлэхийг эрмэлзэж байв.

Түүний өргөдөл амжилттай тэнцсэнээр, 2009 онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургуульд Худалдааны магистрын (Эрсдэл ба Сангийн Менежмент) зэрэгт суралцаж эхэлсэн. Мөнхзул энэ цаг үеийг маш их талархалтайгаар дурсдаг. Тэрээр тэтгэлгийг зөвхөн академик мэдлэгээ дээшлүүлэх боломж бус, харин хувийн хүний амьдралын эргэлтийн цэг гэж тодорхойлдог. “Надад хөрөнгө оруулалт хийсэн Австралийн Засгийн газарт гүнээ талархаж байна” гэж тэр талархан хэлэв. “Австралид өнгөрүүлсэн хугацаа маань надад эрсдэл ба сангийн менежмент нь зөвхөн тоон тухай биш, харин нөөц бололцоог хамгийн их хэрэгцээтэй хүмүүст нь хүргэж, ирээдүй хойч үедээ хүртээх, түүнийг бататгах тухай гэдгийг зааж өгсөн. Энэ нь надад бусдыг ойлгож манлайлах итгэлийг өгсөн.”

Тэрээр Монголд буцаж ирээд донор орнуудын санхүүжилттэй төслүүд дээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 онд Мөнхзул Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй төсөл болох Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хүртээмжтэй байдлыг хангах, үйлчилгээ үзүүлэх төслийн зохицуулагчийн чухал үүргийг хүлээн авсан. Энэ нь Монголд шинэ хандлагыг төлөвшүүлэх буюу “эмнэлэгийн загвар”-аас (хөгжлийн бэрхшээлийг өвчин гэж үзэх) “нийгмийн загвар”-руу (бие даасан байдлыг дэмжих, нийгэмшүүлэх асуудалд төвлөрөх) шилжих зорилготой өргөн хүрээг хамарсан, зүрх сэтгэлээ зориулан ажиллах төсөл байв.

Мөнхзулын урам зоригтой бөгөөд хичээл зүтгэлтэй менежментийн ачаар уг төсөл нь Дундговь, Дархан-Уул, Ховд, Хөвсгөл, Дорнод, Архангай аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зургаан хөгжлийн төвийг амжилттай нээж, ашиглалтад оруулсан байна. Тэрээр мөн Завхан, Улаанбаатарт хоёр нэмэлт төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх үндэс суурийг тавьсан. Эдгээр төвүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр тутмын амьдралд бодит өөрчлөлт авчрахад хэрхэн нөлөөлснийг тайлбарлахдаа Мөнжзул үргэлж бахархал дүүрэн байдаг.

“Эдгээр нь зүгээр нэг байгууламжууд биш бөгөөд мянга мянган хүний ​​амьдралын чанарыг сайжруулсан хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн төвүүд юм” гэж тэр хэлэв.

“Бид тархины саажилттай болон бусад оноштой хүүхдүүдийг амьдралынхаа эхэн үед физик эмчилгээ, хэл ярианы эмчилгээ, үйлчилгээ авах орон зайг бий болгосон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд манай төвд ирээд бие даан алхаж эхлэхийг харах нь миний хувьд үгээр илэрхийлэшгүй баяр баясгалан юм” хэмээн тухайн төвүүдийн ач холбогдлыг онцлов. Түүнчлэн, төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах замаар чадваржуулах зорилтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд оёдол, нарийн боов, мэдээллийн технологи гэх зэрэг мэргэжлийн ур чадварууд олгож байгаа нь олон хүнийг ажлын байраар хангаж орлого олоход нь туслахаас гадна тэдний бие даасан байдлыг дэмжиж бусадтай адил үнэлэгдэх боломжийг олгодог.

Эдгээр төвүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй тэдний гэр бүл, ялангуяа асран хамгаалагчийн хүндхэн үүргийг ганцаараа нууруун дээрээ үүрч байсан эцэг эх, асран хамгаалагчдыг дэмждэг юм. “Бид гэр бүлд дэмжлэг үзүүлэх тогтолцоо бий болгосон бөгөөд үүний үр дүнд эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй харж чадахуйц болсон” гэж тэрээр хэлэв. Нэмж дурдахад, төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өндөр чанартай протез болон ортопедийн хэрэгсэлүүд, туслах төхөөрөмжүүдээр хангаснаар тэдэнд чөлөөтэй хөдлөх, хорвоо дэлхийтэй танилцах зэрэг бие махбодийн хувьд эрх чөлөөг олгодог.

“Бид зөвхөн дэд бүтэц байгуулаагүй. Бид өөртөө итгэх итгэлийг бий болгосон” гэж Мөнхзул хэлэв. “Бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол манай нийгмийн чухал бөгөөд чадварлаг гишүүд гэдгийг батлан харуулж байна.”

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн төвүүд нь цэцэглэн хөгжиж, төсөл амжилттай хэрэгжсэн нь Мөнхзулд нийгмийн хамгааллын бусад асуудлуудад анхаарлаа хандуулан ажиллах боломжийг олгосон байна. Тэрээр одоогоор Тэтгэврийн дүн шинжилгээний орон нутгийн зөвлөхөөр ажиллаж байна. Энэ ажилдаа тэрээр Австрали улсад суралцсан мэдээлэл болосруулах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх зэрэг мэдлэгээ ашиглан, тэтгэвэрийн тогтолцоотой холбоотой бодлогын “цоорхой”-г засахад манлайлан оролцож байна. Мөнхзул Монголын тэтгэврийн тогтолцоог тогтвортой, ирээдүй хойч үеийнхэнд шударга хуваарилалтай байлгахын төлөө хичээн ажиллаж байна. “Бид цаашдаа юу хийж чадах талаар би өөдрөгөөр харж байгаа бөгөөд олон нийтийн томоохон төслүүдийг салбарын мэргэжилтнүүдээр ахлуулан хэрэгжүүлснээр бидний анхаарал халамж хэрэгтэй байгаа тэдгээр хүмүүст ээлтэй бас хүртээмжтэй Монголын нийгмийг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна.” хэмээн Мөнзул хэллээ.