Англи Хэлний Сургалт

Австралийн тэтгэлэгт сонгон шалгарсан нэр дэвшигчид дор дурдсан нөхцөлтэйгээр тэтгэлгийн саналыг хүлээн авна. Үүнд:

  • Австралийн сургалтын визний шаардлагуудыг бүрэн хангах (үүнд эрүүл мэндийн шаардлагууд багтана)
  • Австралийн их сургуулиас тухайн сургалтанд элсэн суралцах санал авах
  • Сонгосон курсэд хамрагдахад тавигдах Англи хэлний шалгуурыг хангах

Англи хэлний чадамж нь Австрали улсад магистрын түвшний боловсрол эзэмшихэд нэн чухал. Дийлэнх сургалтанд элсэн суралцахад тэтгэлэг хүртэгчдээс Academic IELTS-ийн шалгалтын нэгж оноо 6.0-аас доошгүй, голч оноо 6.5-аас доошгүй байхыг эсвэл TOEFL-iBT/PTE-ийн дүйцэх оноог шаарддаг.  Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлагад (2020) заасны дагуу IELTS (Academic) 6.5 оноотой дүйцэх TOEFL-iBT оноо 84, нэгж оноо 21-с доошгүй, PTE дүйцэх оноо 58; ярианы ур чадвар 50-с доошгүй байна. Зарим сургалтын чиглэлүүд илүү өндөр онооны шаардлага тавьдаг тул тэтгэлэг хүртэгчид тухайн сургуульд элсэн суралцахын тулд уг шалгуурыг хангасан байх ёстой.

Австралийн тэтгэлэг хүртэгчид Англи хэлний сургалтанд эсвэл академик сургалтын хөтөлбөрт зайлшгүй хамрагдах ёстой. Иймээс өргөдөл гаргагчид уг үүрэг хариуцлагыг ухамсарлаж, өргөдөл гаргахын өмнө ажил олгогчтойгоо энэ талаар ярилцсан байх ёстой.

Өргөдөл гаргах үед сонгосон курсынхаа Англи хэлний болзол шалгуурыг хангасан тэтгэлэг хүртэгчид Англи Хэлний Сургалтанд суух шаардлагагүй, харин Академик Сургалтын Хөтөлбөрт заавал хамрагдана. Энэ сургалт зайлшгүй бөгөөд тэтгэлэг хүртэгчид ажлаасаа бүрэн чөлөөлөгдсөн байна.

IELTS-ийн 6.5-аас доош (эсвэл TOEFL-iBT-ийн дүйцэх) оноотой тэтгэлэг хүртэгчид тэдний түвшинд тохирсон Англи хэлний сургалтыг зайлшгүй дүүргэнэ.