< Өмнөх хуудас руу буцах

Сэргэлэнцогт овогтой Билгүүн

Нийтэлсэн: 2023-11-28

Сэргэлэнцогтын Билгүүн нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, 2024 онд Флиндерсийн их сургуульд Хүртээмжтэй, тусгай хэрэгцээт боловсролын магистрын хөтөлбөрөөр суралцах гэж байна. Тэрээр хүнд хэлбэрийн харааны бэрхшээлтэй ба Улаанбаатар хотын ЕБС-д англи хэлний багшаар ажилладаг. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр магистрын сургалтаа амжилттай дүүргэсний дараагаар С. Билгүүн нь Монгол улс дахь харааны бэрхшээлтэй иргэдийн боловсрол, нийгмийн орчинг сайжруулахыг зорьж байна. Бид саяхан С. Билгүүнээс өөрийнх нь талаар болон тус тэтгэлгээс ямар хүлээлттэй байгаа талаар асуусан бөгөөд түүний хариултыг дараах байдлаар сийрүүллээ.

 

Өнөөдрийг хүртэлх амьдралын түүхээсээ хуваалцана уу.

Бусад хүүхдүүд намайг хөгжлийн бэрхшээлтэй хэмээн үргэлж доог тохуу хийдэг байсан тул хүүхэд нас минь нэлээн хэцүү өнгөрсөн. Намайг ялгаварлан гадуурхах явдал миний очсон газар бүрт тохиолддог байсан тул би үргэлж дуугүй, бүрэг ичимхий байсан хэдий ч энэ бүгд намайг төгөлдөр хуур тоглож сурснаар өөрчлөгдсөн. Хөгжимд суралцсанаар надад өөрийн хязгаарыг давах урам зориг, хүч чадлыг өгч, аливаад хичээл зүтгэлтэй, нягт нямбай байх чадварыг өөртөө бий болгосон.

Би Монгол Улсын Их Сургуулийг төгсөөд, ерөнхий боловсролын 102-р сургуульд англи хэлний багшаар гурван жил ажилласан. Ихэнх хүмүүс намайг багшаар ажиллах чадвартай гэж үзэхгүй байсан тул ажил олоход маш хэцүү байсан. Гэхдээ ажиллах явцдаа дүүргийн Англи хэлийг хоёрдогч хэл болгон зааж буй багш нарт зориулсан олимпиадад оролцож гуравдугаар байранд шалгарсан. Мөн Канадын Конкордиагийн их сургуулийн Англи хэлийг хоёрдогч хэл хэмээн заах арга зүй (TESOL)-н сертификат болон Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас заах арга зүйч цол авсан.

С. Билгүүн Англи хэлийг хоёрдогч хэл хэмээн заах арга зүй (TESOL)-н сертификатаа Боловсролын ерөнхий газраас авч буй нь

Австралийн тэтгэлэгт хамрагдах нь таны амьдралд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй оюутны хувьд ямар өөрчлөлтийг хүлээж байна вэ?

Хүн болж төлөвшихийн тулд үргэлж шинэ сорилтуудыг эрэлхийлэх ёстой гэдэгт би бат итгэдэг. Австралид суралцах нь надад маш их мэдлэг, туршлага олгох болно. Тиймээс би Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг шинэ туршлага зүйлсийг мэдэрч, тусгай хэрэгцээт боловсролын багшийн ажил мэргэжлээ үргэлжлүүлэхэд шаардлагатай ойлголт мэдлэгээ гүнзгийрүүлж, өөрийгөө сорих амьдралд олдох том боломж гэж харж байна. Австрали улсад сурч, амьдрахад маш олон өөрчлөлт бий болно. Энд бүх зүйл танил болохоор гэрээсээ ажилдаа өдөр бүр явах нь надад хэцүү байдаггүй. Гэхдээ би өөр орчин, соёлын нөхцөлд орох гэж байгаа тул дасан зохицоход тодорхой хугацаа шаардах байх. Цаашилбал, Австралийн их дээд сургуулиа амжилттай дүүргэхэд цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг гэдгийг ойлгож байгаа тул өөрийн хязгаарыг давж, маш хичээнгүйлэн суралцах ёстой. Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд шинэ орчинд, шинэ хүмүүстэй дасан зохицох нь надад их сэтгэл хөдөлгөм санагдаж байна.

Та Австралийн тэтгэлгээр суралцаж ирээд, эх орныхоо хөгжилд хэрхэн ашиглана гэж бодож байна вэ?

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролд төр засгийн зүгээс хайхрамжгүй ханддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгож байгаа сургууль, мэргэжлийн багш боловсон хүчин маш их дутагдалтай. Би харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 116-р сургуулийг төгссөн. Миний санаж буйгаар ихэнх багш нар брайл үсэг мэддэггүй, брайл сурах бичиг тоотой хэд л байсныг би санаж байна. Энэ байдлыг өөрчилж, Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэхийн төлөө би зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан тусгай сургуулийн багш нарт сургалт семинар зохион байгуулж, багш суралцагчдын сурч, ажиллаж буй орчин нөхцлийн талаар судалгаанууд хийх бодолтой байна. Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах багш, оюутны солилцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулна. Өөрийн цуглуулсан мэдээлэлд тулгуурлан Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролд нөлөөлөх, нийгмийн олонхийн бидэнд хандаж буй ойлголт, хандлагыг өөрчлөх бодлого, хууль тогтоомжийг санал болгоно.

С. Билгүүн Австрали улсаас Монгол улсад суугаа Элчинтэй ерөнхий боловсролын 112-р сургууль дээр

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залууст, нэн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандаж юу хэлэх вэ?

Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд дорд үзэх хандлагатай нь гашуун үнэн. Миний хувьд ялгаварлан гадуурхалтыг асар ихээр бие сэтгэлээр туулсан бөгөөд та бүгдэд ч мөн надтай ижил нөхцөлтэй тулгарсан түүх байгаа байх. Тиймээс бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бусдаас даруй арав дахин их хөдөлмөрлөх шаардлагатай байдаг. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь бидний амьдарч буй улс орны хөгжилд хувь нэмэр оруулахад шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшихэд асар их дэмжлэг өгдөг. Хэрэв та Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч чадсан бол та өөрийгөө тултал нь сорьж, нэн хичээнгүйлэн ажилласны нотолгоо гэсэн үг. Тиймээс IELTS шалгалтандаа аль болох эртнээс бэлдэж, залхуурах боломжийг өөртөө бүү олгоорой гэж миний зүгээс захимаар байна. Таны амьдралд гарцаагүй өөрчлөлтийг бий болгох тул зорилгынхоо төлөө шантралгүй хичээх нь чухал гэдэгт би итгэж байна.