< Өмнөх хуудас руу буцах

Балжмаа овогтой Наранжаргал

Нийтэлсэн: 2023-08-9

Балжмаа овогтой Наранжаргал 2021 онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Австралийн Үндэсний Их Сургуульд Эдийн засгийн магистрын зэргээ хамгаалсан. Тэрээр Acurr Solutions компанийг үүсгэн байгуулж, Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.  Түүнийг суралцаж байх хугацаанд хийсэн видеог доорх холбоосоор орууллаа.

Бид түүнийг төгсөж ирсний дараа дахин уулзаж, Австрали улсад сурсан мэдлэг ур чавдараа ашиглан, Монгол улсынхаа хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар ярилцлаа.

Австрали улсад суралцсан курсээ сонгоход юу нөлөөлсөн бэ?

Монгол Улсын санхүүгийн зах зээлд банкны салбар давамгайлдаг. Банк бус байгууллагуудын нийт хөрөнгө, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 15 хувийг бүрдүүлж байна. Энэ бол бусад хөгжиж буй орнуудын хандлагаас ялгаатай байгаа. Би Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байхдаа олон улсын санхүүгийн зохицуулалтын орчин, санхүүгийн бүтээгдэхүүн, банк бус санхүүгийн зах зээлийн бодлогыг нэгтгэх шилдэг туршлагын харьцуулсан судалгаа зэрэг хэд хэдэн судалгааны ажлыг удирдан хийсэн. Миний судалж байсан улс орнуудын дунд Австрали улс эдийн засгийн шинэчлэл, санхүүгийн зах зээлийн хөгжил, ялангуяа технологид суурилсан санхүүгийн зах зээлийн хөгжлөөрөө гайхалтай санагдсан. Би Австрали улс эдгээр салбарт хэрхэн амжилтанд хүрснийг ойлгож авахын тулд тэнд суралцахаар шийдсэн. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах нь миний зорилгодоо хүрэх хамгийн сайн сонголт байсан гэж боддог.

Таны сурсан чиглэлийн юу нь таны сонирхолыг татсан бэ?

Би 2018 онд Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрдэм шинжилгээ, эрсдэлийн үнэлгээний хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Монгол банкнаас зохион байгуулсан хоёр долоо хоногийн семинарт оролцох боломж олдсон. Тус семинарт Австралийн Үндэсний Их Сургуулийн Бизнес, эдийн засгийн коллежийн профессор эконометрик болон стохастик загварын талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Миний авсан бусад сургалттай харьцуулахад тус семинар нь маш практик бөгөөд миний ажилд амархан хэрэглэгдэх боломжтой байсан. Эдгээр нь надад эдийн засгийн талаар илүү гүнзгий суралцахад урам зориг өгсөн. Мөн миний ажилд хэрэг болохуйц чухал ач холбогдолтой ойлголтуудыг олж авахад тусалсан юм. Эдийн засгийн дүн шинжилгээ хийдэг Монгол банкны тэргүүлэх эдийн засагчдын дийлэнх нь Австралийн Үндэсний Их сургуулийн төгсөгчид байдаг гэдгийг ойлгосон.

Та Австралид их сургуульд сурсан өөрийн туршлагаасаа хуваалцаач?

Австралид өнгөрүүлсэн хугацаа миний хувьд хувь хүний болон мэргэжлийн хувьд сорилттой бөгөөд өсөн дэвших боломжтой үе байсан. Олон орны мэргэжилтнүүдтэй хамт суралцах нь надад соёл хоорондын харилцаа, дасан зохицох чадвар зэрэг ур чадваруудыг эзэмшихийн зэрэгцээ аливаа зүйлийг олон талаас харж сурах байлаа. Мөн цагийн ажилтнаар ажиллах боломж олдсон нь хамт ажиллагсадтайгаа насан туршийн харилцаа холбоо тогтоож, австрали хүмүүсийн талаар илүү ихийг ойлгох боломж бүрдсэн. Австрали улсад аялах боломж олдсон. Хэдийгээр би COVID-19 цар тахлын улмаас аялах боломж бага байсан хэдий ч Сидней, Мельбурн, Голд Көүст зэрэг үзэсгэлэнтэй газруудаар аялсан. Эргээд бодоход би Австралид өнгөрүүлсэн хором бүрдээ талархаж байна.

Австралийн тэтгэлэг танд мэргэжлийн сүлжээгээ нэмэгдүүлэхэд хэрхэн тусалсан талаар хуваалцана уу?

Австралийн тэтгэлэгт хамрагдсан бусад оюутнууд нь өөрсдийн улс орныхоо төрийн байгууллагууд, тэргүүлэх салбараас ирсэн байсан. Эдгээр мэргэжилтнүүдтэй харилцах нь надад хөгжиж буй орнуудын талаар илүү өргөн ойлголттой болсон. Бид улс орнуудын талаар туршлага солилцож, сорилтуудыг хэрхэн даван туулж байгааг сонсох нь бидэнд илүү гүнзгий харилцаа тогтоох боломжийг олгосон.

Монголдоо буцаж ирээд хэрхэн дасан зохицсон бэ?

Гадаадад сурч байсан ихэнх найзууд маань Монголд буцаж ирээд соёлын шоконд орсон гэж надад хэлдэг байсан. Миний хувьд тийм ч их соёлын шоконд ороогүй. Би хоёр охиноо Монголд үлдээсэн байсан учраас буцаж ирэхдээ хэдэн сар ажилдаа оролгүй хүүхдүүдээ харсан. Хүүхдүүдтэйгээ өнгөрүүлсэн үе надад амьдралын хэв маягтаа дасан зохицох боломжийг хурдан олгосон.

Мөн Австралийн тэтгэлэг төгсөгчдөө зохиулж олон үйл ажиллагаа, чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулдаг. Би Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрт хамрагдсан. Тус хөтөлбөрт хамрагдсанаар оролцогчид төслийн удирдлага, манлайллын сургалтад хамрагдаж, нийгэмд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь надад бусад төгсөгчид болон мэргэжилтнүүдтэй харилцах, нийгэмдээ хурдан дасан зохицох боломж олгосон.

Австралийн тэтгэлэг карьераа дээшлүүлэхэд тань хэрхэн тусалсан бэ?

Австралид олж авсан мэдлэг, туршлага маань даатгалын салбарт өөрийн бизнесээ эхлүүлэх итгэлийг минь нэмэгдүүлсэн. Одоогоор Монголын даатгалын салбар зах зээлд нэг хувьд ч хүрч чадахгүй байна. Энэ нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад маш бага үзүүлэлт. Технологид суурилсан даатгалын компаниуд (даатгалын салбарт зардал хэмнэж, үр ашиг бий болгохын тулд технологийн шинэчлэлийг санал болгодог) салбарын өсөлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс би даатгалын зах зээлд оролцогчдод технологийн шийдлүүдийг санал болгодог компанийг байгуулсан. Бид даатгалын үйл явцыг автоматжуулж, даатгагч болон даатгуулагчдад илүү үр ашигтай, хялбар, хүртээмжтэй болгохыг зорьж байна. Технологийн шийдлүүдийн тусламжтайгаар тус салбар одоогийн зах зээлийн баазаа дор хаяж гурав дахин өргөжүүлэх боломжтой. Бидний ажил Монголын даатгалын зах зээлийн өсөлтөд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Таны ирээдүйн зорилго юу вэ?

Ирэх жилүүдэд бизнесээ олон улсын түвшинд гаргахыг хүсч байна. Өсөлтийн онолоор технологийн шинэчлэл нь улс орны эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлдөг. Тиймээс миний одоогийн бизнес хөгжиж буй орнуудад өргөжин тэлэх боломжтой гэж би харж байна.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

Австралид суралцах нь амьдралыг өөрчлөх боломж. Энэ тэтгэлэг зөвхөн мэдлэг олгохоос гадна таны гэр бүлд цоо шинэ боломжийг нээж өгдөг. Хамгийн өгөөмөр тэтгэлэг гэж би хэлмээр байна. Төгсөж ирсний дараа ч карьертаа өсөж, илүү манлайлах ур чадвартай болоход тань туслах боломжийг бий болгодог. Бидний өөр орны хүмүүстэй харилцаа холбоотой байгаа нь танд өөр түүхийг бий болгодог. Би Австралийн тэтгэлэг хүртэгчдийн нэг болсондоо маш их бахархдаг.