< Өмнөх хуудас руу буцах

Австралийн төгсөгчдийн тэтгэлгийн сан

Нийтэлсэн: 2023-12-19

Австралийн төгсөгчдийн тэтгэлгийн сан нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчдийн мэргэжлийн боловсрол, хөгжлийг дэмжих, Монгол Улсын тэргүүлэх салбарын хөгжилд төгсөгчдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, Австрали, Монголын харилцааг бэхжүүлэхэд чиглэгдсэн инноваци бүхий төслүүдийг дэмжихийг зорьдог. 2023 оны 12-р сарын 15-ны өдөр Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хоёр төгсөгчийн төслийг 2023 онд тус сангаас дэмжихээр шийдвэрлэлээ.

“Хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийг чадавхжуулах” богино хугацааны сургалтыг төгсөгч Жаргалсайханы Гантуяагийн санаачилсан “Хандлагыг өөрчлөх замаар шийдэлд хүрэх нь” төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн ухаалаг шийдэл, мал аж ахуйн салбар дахь төрийн бус байгууллагууд, тариаланчид, малчдын үзэл бодлыг танилцуулах замаар уур амьсгалын хямралыг шийдвэрлэх зорилготой юм. Цаашилбал, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд суурилсан платформ, #хаш таг бүхий нийтлэлийн тусламжтайгаар мал аж ахуйн салбарт эерэг өөрчлөлтийг авчирч буй залуучууд, эрдэмтэн судлаачид, бичил бизнес эрхлэгчид, бодлогын мэргэжилтнүүдийн “дуу хоолой” бүхий түүхийг хуваалцах, харилцан туршлага солилцох боломжийг бий болгоно.

“Удирдах түвшний эмэгтэйчүүдийн манлайлал, хөгжил” богино хугацааны сургалтыг 2021 онд төгссөн Энхбаярын Хишигжаргал хүүхэд залуучуудын байгаль орчны боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Earth School Mongolia” төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд сургагч багш нарын сургалт, түншлэлийг бий болгох уриалга, “Earth School in-action” үйл ажиллагаа болон Demo өдөр зэрэг цуврал үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Төслийн үр дүнд байгаль орчныг хамгаалах 20-25 активистыг сургалтад хамруулж, 10 эко клуб байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар ойлголт мэдлэгээ бататган, 20 гаруй бичил нийгмийн төсөл санаачлан хэрэгжүүлнэ. Мөн эко клубууд болон байгаль орчны залуу активистуудад Демо өдөрлөгийг зохион байгуулахад нь дэмжлэг болох зорилгоор цаг уур, хүрээлэн буй орчны сэдвээр сургалтын загвар боловсруулахаас гадна олон нийтийн боловсролд зориулсан вебинаруудын бичлэгийг бэлдэнэ.