< Өмнөх хуудас руу буцах

Батаа овогтой Батцэцэг

Нийтэлсэн: 2024-03-7

Alumni, Impact,

Батаагийн Батцэцэг 2015 онд Австралийн тэтгэлгээр Мельбурны Их Сургуульд Арилжааны эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. Монгол улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын хувьд тэрээр монголчуудыг нэгтгэж, чадавхжуулахад нэн чухал хувь нэмэр оруулж байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бид Б. Батцэцэгээс ажил мэргэжил болон Австралийн тэтгэлэгт хамрагдан суралцсан туршлагаас хуваалцлаа. Түүний Монгол улсын хөгжлийн төлөө хийж буй нэн чухал ажлууд, Австралийн тэтгэлэг хувь хүний болон ажил мэргэжилд хэрхэн нөлөөлсөн талаар онцолж байна.

Та Монгол улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргын хувьд эрхэлж буй ажил үүрэг, Монгол улсын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар товчхон тайлбарлана уу.

Миний хувьд Монгол улсыг илүү харилцаа холбоотой, үр ашигтай, инновацийн эринд хөтлөх дижитал технологийг ашиглах талаарх бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Ажил үүргийн хувьд дижитал эринд улс орны нийгэм, эдийн засгийн дэвшилтэт хөгжлийг дэмжих бодлого, стратеги, санаачлагуудыг боловсруулан хэрэгжүүлэх замаар цахим хөгжлийн өөрчлөлтийг удирдан чиглүүлэх явдал юм.

Бидний эрхэм зорилго бол цахим шилжилтийг хөгжлийн цогц хурдасгуур хэмээн хөшүүрэгдэх явдал юм. Бид Монгол улс дахь цахим хуваагдлыг арилгахын төлөө амжилттай ажиллаж байна, тухайлбал, 325 сум суурин газруудыг үүрэн холбооны 3G, 4G үндсэн сүлжээнд холбож, дэлхийн түвшний харилцаа холбоог бий болголоо. Мөн бид 2025 онд 5G олон улсын өндөр хурдны интернетийн сүлжээнд холбогдох зорилт тавин, технологийн туршилтууд болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамны тэргүүлэх төсөл болох “Цахим үндэстэн-И-Монгол” төсөл нь төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах, чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгох, хялбаршуулах, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, улмаар ил тод, хариуцлагатай засаглалыг бий болгох зорилготой хэрэгжиж буй нь Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн үйлчилгээг сайжруулах, технологиор дамжуулан иргэдийг чадавхжуулах зэрэг өргөн хүрээтэй хөгжлийн зорилтуудад нийцнэ.

“Цахим үндэстэн-И-Монгол” зэрэг төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд Монгол Улс НҮБ-аас гаргадаг цахим хөгжлийн индексээр 18 байраар урагшилж, 92-оос 74 дүгээр байрт жагссан ба 2023 онд Нээлттэй Засаглалын шагналыг засгийн газарт олгож, шинэ технологи, инновацад суурилсан цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг туршлага хэмээн олон улсын хэмжээнд үнэлсэн.

Хамтын ажиллагаа нь бидний баримталдаг гол ажлын арга барил. Хувийн болон төрийн байгууллагуудын хамтын хүчин чармайлт, тэр дундаа “И-Бизнес” платформ зэрэг санаачилга нь хэрэглэгчийн хувьд төрийн үйлчилгээг хурдасгаж, хүнд суртлыг бууруулсан.

Дүгнэж хэлэхэд, Төрийн нарийн бичгийн даргын хувьд Монгол улсыг дижитал технологид суурилсан ирээдүйд удирдан чиглүүлэх үүрэгтэй ажиллаж байна. Бид цахимжсан эрин үеийн үр өгөөжийг хүн бүрт хүртээмжтэй байлгах үүднээс “digital landscape”-ийг стратегийн хувьд ахиулж, Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Австралийн засгийн газрын тэтгэлэг таны ажил, мэргэжилд хэрхэн нөлөөлсөн бэ?

Австралийн засгийн газрын тэтгэлэг нь миний ажил мэргэжлийн чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж, улмаар Монгол улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд хөтөлсөн.

Энэхүү тэтгэлэг нь Австралийн шилдэг их сургуульд хууль, эрх зүйн чиглэлээр суралцах гайхалтай боломжийг олгосон. Хамгийн дэвшилтэт технологид суурилсан, ялгаатай соёлын нөлөө бүхий академик орчинд суралцсан минь хүнд сорилт байсан ч цахим салбарын талаарх ойлголт мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэн хөгжүүлсэн.

Суралцах хугацаандаа би энэ салбарын эксперт, мэргэшсэн мэргэжилтэнгүүдтэй холбоо тогтоож, нетворк хийсэн нь цахим хөгжлийн дэлхийн шилдэг туршлагуудын талаарх ойлголтыг өргөжүүлсэн. Энэхүү туршлага нь Монгол улсад олон улсын жишигт нийцсэн бүтээлч бодлого, стратегийг боловсруулахад тус дөхөм болсон.

Цаашилбал, тус тэтгэлэг нь манлайлал, удирдлагын ур чадварыг хөгжүүлэхэд онцгойлон анхаардаг нь байгууллагын удирдлагын нарийн төвөгтэй шаталсан тогтолцоог өөрчлөх, цахим шилжилтийн хөтөлбөрийг амжилттай удирдахад шаардлагатай арга барилд сургасан. Тэтгэлгийн туршид олж авсан практик ойлголтууд нь тус яамны цахим хүртээмжтэй нийгмийг бий болгох, шилэн, эгэх хариуцлагатай цахим засаглалыг бий болгох зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

Иймд, Австралийн тэтгэлэг нь миний одоогийн хашиж буй албан тушаалд амжилтад хүрэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, нийгмийн хүрээллийг бий болгож, улмаар карьерийн хөгжилд минь тулгуур болсон хэмээн дүгнэж, талархаж байдаг.

Та мэргэжлийн хувьд Австралитай ямар нэгэн харилцаа холбоотой байдаг уу?

Австралид суралцаж байх хугацаанд би оюутнуудад зориулсан төрийн үйлчилгээнд шуурхай холбогдож, мөн тус улсын захиргаа, удирдлагын процессийг цахимжуулсан бодит байдлын бишрэн хүндэтгэж байсан. Тухайн үед би төрийн үйлчилгээг авах гайхалтай тав тухтай байдлын талаар эргэцүүлж, Монгол улсад ч мөн адил хялбаршуулсан, хүртээмжтэй болгох хэтийн зорилгоо тархиндаа зураглаж байсан.

Өнөөгийн цахим ертөнцөд төрийн үйлчилгээний салбар цахим шилжилтээр хэрхэн хувьсан өөрчлөгдөж, хөгжих зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Энэхүү өөрчлөлт нь зөвхөн шинэ технологийг нутагшуулах бус олон нийтэд илүү сайн үйлчилж, үр ашгаа нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангахын тулд хуучирсан процесс, загваруудыг эргэн нягтлах явдал юм. Энэ салбар дахь төрийн албан хаагчид, ажилтнууд цахим шилжилтийн явцад байгууллагаа удирдан чиглүүлэхэд чухал үүрэгтэй.  Тэд интеграцчилж буй дижитал шийдлүүдийг одоо байгаа бүтэц, зохион байгуулалтад нэгтгэх, шинэлэг соёлыг төлөвшүүлэх, иргэдийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ, цахим үндэстний хүлээлтийг хангахад өөрчлөлтийг түүчээлэх зэрэг нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.

Монгол улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамны одоогийн албан тушаалд томилогдоод Австралийн элчин сайдын яам, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газартай идэвхтэй харилцааг үүсгэж, тус салбарын төрийн албан хаагчид болон ажилтнуудын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Одоогийн байдлаар төрийн албан хаагчдад зориулсан богино хугацааны чадавхийг бэхжүүлэх сургалтын хөтөлбөрийн хамтын ажиллагааг төлөвлөх шатанд байна. Энэхүү сургалтын зорилго нь төрийн албан хаагчид болон цахим хөгжлийн салбарын ажилтнуудад цахим хөгжлийн хүчин чармайлтыг үр дүнтэй манлайлан удирдах ур чадварыг эзэмшүүлэхэд оршино. Австрали улсын цахим хөгжлийн туршлагаас суралцсанаар энэхүү сургалт нь оролцогчдод цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх стратеги, бодлого, манлайллын ур чадварын цогц ойлголт өгөх зорилготой.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр манай уншигчдад хандаж та юу хэлэхийг хүсэж байна?

Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь “Түүнийг оролцуул: Эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх замаар жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилтыг хурдасгах” зорилго тавьсан бөгөөд төгсөгчдөдөө хандаж жендерийн тэгш байдлыг хангахад эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх нь нэн чухал болохыг хүлээн зөвшөөрөх явдал юм.

Монгол улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд бидний түүчээлэн ажиллаж буй цахим хөгжлийн чиглэлээрх санаачлага, бодлого нь эмэгтэйчүүдийг цахим өөрчлөлтийн аянд идэвхтэй оролцогч төдийгүй гол үр шим хүртэгчид болгоход чиглэсэн, хүртээмжтэй, тэгш орчинг бүрдүүлэх зорилготой. Бид тэгш боломж, дижитал нөөцийн хүртээмжийг дэмжсэнээр эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулахад хувь нэмрээ оруулж, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн ахиц дэвшлийг хурдасгадаг.