< Өмнөх хуудас руу буцах

Ганхуяг овогтой Цогтбаатар

Нийтэлсэн: 2024-07-31

Alumni, Impact,

Ганхуяг овогтой Цогтбаатар 2022 оноос Австралийн тэтгэлгээр Мельбурны их сургуульд Олон улсын бизнесийн магистрт суралцаж төгсөөд, саяхан эх орондоо ирсэн.

Цогтбаатар Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн 2025 оны зар сурталчилгааны “нүүр царай” болсон билээ. Бид түүнийг Монголд буцахаас өмнөхөн уулзаж, тэтгэлэгт хэрхэн тэнцэж, амжилттай суралцсан, энэ нь түүний карьерийн өсөлт болон хувийн амьдралд хэрхэн нөлөөлсөн, мөн тус тэтгэлэгт өргөдөл гаргагчдад өгөх зөвлөгөө зэрэг асуудлаар ярилцлаа.

Та яагаад Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргасан бэ?

Би гурван зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, Австрали нь академик боловсролын чанар, ажиллаж амьдрах аюулгүй нөхцөл орчны үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Тухайлбал, Австралийн есөн их сургууль дэлхийн шилдэг 100 их сургуулийн тоонд багтаж, Мельбурн, Сидней зэрэг томоохон хотууд дэлхийн хамгийн амьдрах боломжтой арван хотын жагсаалтад тогтмол ордог.

Хоёрдугаарт, бусад нэр хүндтэй гадаадын засгийн газрын тэтгэлэгтэй харьцуулахад энэхүү тэтгэлэг нь гэр бүлтэй өргөдөл гаргагчдад маш тохиромжтой. Учир нь оюутны гэр бүл суралцах хугацаанд нь Австралид бүтэн цагаар ажиллаж, хүүхдүүд нь Австралийн сургуульд суралцах боломжтой байдаг нь гэр бүлийн санхүүгийн ачааллыг ихээхэн хөнгөвчилдөг.

Гуравдугаарт, Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь хүссэн оноогоо авахад тань туслах олон улсын англи хэлний шалгалтын систем (IELTS)-д бэлтгэх хөтөлбөртэй цорын ганц тэтгэлэг юм. Миний хувьд тэтгэлэгт болон их сургуулийн шаардсан оноонд хүрэхийн тулд тэтгэлэгт хөтөлбөрийн тусламжтайгаар IELTS-д бэлтгэх сургалтанд хамрагдсан. Нэмж дурдахад, тэтгэлэгт хүртсэн оюутнуудыг Австралид үндсэн хичээл эхлэхээс өмнө нэг сарын хугацаатай англи хэлний академик бэлтгэлийн курст хамруулдаг нь их сургуулийн академик орчинд амжилттай суралцахад ихээхэн тустай байдаг.

 

Цогтбаатар Мельбурны их сургуулийн төгсөлтөн дээрээ

Австралийн тэтгэлэг таны хувийн амьдрал болон ажил мэргэжлийн өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулсан бэ?

Хувь хүнийхээ хувьд энэхүү тэтгэлэг надад ажил мэргэжил, амьдралаа дахин дүгнэх боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл, энэ нь намайг Австралид ирэхээсээ өмнө төлөвлөж байсан олон зүйлээ эргэн харж, өөрчлөхөд түлхэц болсон. Австралид ирээд өмнөх төлөвлөгөөнүүд маань илүү орон нутгийн шинж чанартай байсныг ойлгосон тул илүү өргөн, урт хугацааны хэтийн төлөвтэй олон улсад чиглэсэн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай болсон.

Мэргэжлийн хувьд би маш их шинэ мэдлэг, туршлага хуримтлуулж чадсан. Мельбурны их сургууль нь дэлхийн шилдэг 20 их сургуулийн тоонд багтдаг дэлхийн хэмжээний сургууль юм. Энэ нь оюутнуудын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх, тэднийг дэлхийн хэмжээний мэргэжилтэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтын таатай орчныг бүрдүүлдэг. Би Монголд бакалаврын зэргээ хамгаалсны дараа гадаад улсад, тэр дундаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургуульд магистрт суралцахыг эрмэлздэг байлаа. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр надад ийм боломжийг олгосонд талархаад баршгүй.

Түүгээр ч зогсохгүй энэхүү хөтөлбөр нь мэргэжил дээшлүүлэх олон боломжийг олгодог. Тухайлбал, тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнуудад мэргэжлийн холбоодоос зохион байгуулдаг богино хугацааны сургалт, форум, эрдэм шинжилгээний хурлуудад оролцох боломжийг олгож, улмаар тэдний ажил мэргэжил, салбарын сүлжээг өргөжүүлж байна. Миний хувьд Австралийн нийслэл Канберра хот дахь Оюутнуудын эрдэм шинжилгээний хуралд оролцож, Харвардын Бизнесийн Сургуулийн Бизнес эрхлэлтийн зайны сургалтыг дүүргэсэн богино хугацааны мэргэжил дээшлүүлэх хоёр том боломжийг хүртсэндээ туйлын таатай байдаг. Эдгээр туршлага нь миний мэдлэг туршлага, мэргэжлийн сүлжээг өргөжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан.

Их сургуулийн орчноос гадуур Австралийн амьдрах орчны талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

Академик сургалтын орчноос гадна Австралийн амьдралын орчин нь надад болон манай гэр бүлд олон боломжийг олгосон. Тухайлбал, оюутнууд өөрсдийн сонирхол, ажил мэргэжлийн чиглэлд тулгуурлан дэлхийн шилдэг компаниуд, төрийн байгууллагууд болон төрийн бус байгууллагуудад дадлага хийх, сайн дурын ажил хийх боломжтой байдаг нь тэдэнд олон улсын бизнесийн орчинд бодит туршлага олж авахад тусалдаг. Жишээлбэл, би их сургуулийнхаа Global Business Practicum хөтөлбөрт сонгогдож, тогтвортой технологийн шийдлүүдийг боловсруулдаг Ирландын Дублин хотын Superfy компанид богино хугацааны дадлага хийсэн. Багийн гишүүд, профессортойгоо хамтран бид Хойд Америкийн зах зээлд чиглэсэн компанийн бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, зах зээлд гарах стратегийг боловсруулсан. Энэ нь миний олон улсын хэтийн төлвийг өргөжүүлж, дэлхийн бизнесийн орчин, ажлын байрны динамик орчны талаар ойлголтыг гүнзгийрүүлсэн сэтгэл хөдөлгөм, баяжуулсан туршлага байлаа.

Нэмж дурдахад би Мельбурн хотод байрладаг “Worthy Cause” нийгмийн инновацид чиглэсэн бизнесийн үйл явц, системийг хянадаг менежерийн албан тушаалд сайн дурын ажилтнаар ажилласан. Миний ажил үүрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг нийгмийн инновацид тулгуурласан компанид өөрийн мэдлэг, туршлагаас хуваалцах хүсэл сонирхолтой минь нийцэж байсан. Тус байгууллага нь эмзэг бүлгийн иргэдэд цалинтай ажиллах боломжийг олгож, урт хугацааны ажилд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, ажлын байраар хангахад нь тусалдаг.

Цаашилбал, би Австралийн чанарын менежментийн байгууллагын гишүүн бөгөөд Мельбурн дахь бүлэгт идэвхтэй оролцдог. Тус байгууллагад гишүүнээр элссэнээр надад олон улсын түвшний байгууллагуудын менежментийн туршлагаас суралцах, мэргэжлийн сүлжээгээ өргөжүүлэх боломжийг олгосон.

Тус тэтгэлгийн дэмжлэгтэйгээр Австралид хамт амьдарч буй миний гэр бүл боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хотын менежмент, худалдаа, үйлчилгээний соёл, авто замын дэд бүтцийн стандарт, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлал гэх мэт шинэ зүйлийг өдөр бүр Австралиас сурч байна.

Цогтбаатар Золбаярын хамт

Та Монголдоо буцаж ирээд юу хийж бүтээхийг зорьж байна вэ?

Тэтгэлэгт хүртэгчид Австралид ирэхээсээ өмнө Хөгжлийн хөтөлбөрийн үр нөлөөлөл буюу буцаан байршуулах төлөвлөгөө боловсруулдаг. Энэхүү төлөвлөгөө нь Австралид суралцах хугацаандаа олж авсан мэдлэг, туршлагаа төгсөгчид харьяа байгууллага, салбартаа хэрэгжүүлэх замаар замаар Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах хувийн стратеги юм. Манай улсын экспорт жилд дунджаар 14 тэрбум ам.долларт хүрч, үүний 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг манай улсын эдийн засаг уул уурхайд ихээхэн түшиглэдэг. Иймд менежментийн зөвлөхийн хувьд миний зорилго бол уул уурхайн бус салбарын компаниудад экспортын боломжоо төрөлжүүлэх, олон улсын зах зээлд өөр сувгаар гарахад нь туслах замаар энэ хамаарлыг арилгах явдал юм. Үндсэндээ би Монголын бизнесийн дэлхийн тавцанд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд олон улсын бизнесийн салбарт өөрийн туршлагаа ашиглахаар төлөвлөж байна.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

Австралийн тэтгэлэг олгох үйл явц нь өргөдөл, ярилцлага гэсэн хоёр үе шатаас бүрдэнэ. Өргөдөл гаргах шатанд шаардлагатай бүх бичиг баримтын бүрдүүлэлтийг сайтар хангаж, өргөдөл гаргах хугацааг тулгалгүй өмнө явуулах нь чухал юм. Баримт бичгийг цахим системээр (oasis.dfat.gov.au) илгээдэг ба өргөдөл гаргагчдын тоо жил ирэх тутам нэмэгдэж буйгаас системд саатал үүсч болзошгүй тул энэ шат онцгой ач холбогдолтой юм. Би хувьдаа энэ шалтгааны улмаас цаг тухайд нь өргөдөл мэдүүлэхэд бэрхшээлтэй тулгарсан. Нэмж дурдахад, Австралид суралцах зорилгоо тодорхой тодорхойлж, эссэ, Хөгжлийн бодлого, хөтөлбөрийн нөлөөлөл, бусад логик уялдаа холбоог хангах нь чухал юм.

Ярилцлагын үе шатанд бэлтгэх нь мөн адил чухал байдаг. Ихэвчлэн энэ шатны асуултууд нь өргөдлийн шатанд өгсөн материал дээр суурилдаг. Ярилцлага нь англи хэл дээр явагддаг тул англи хэл дээр ярилцлага хийхээс өмнө дадлага хийх нь амжилтанд хүрэх боломжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ. Олон өргөдөл гаргагч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр надтай холбогдож Австралийн тэтгэлэгт хамрагдах талаар зөвлөгөө авахыг хүсдэг. Иймд өргөдөл гаргагчдыг дэмжихийн тулд өөрийн туршлага, зөвлөгөөг вэбсайт дээрээ дэлгэрэнгүй мэдээлэл постлоход нөлөөлсөн (http://www.tsogtbaatar.com).

Тус тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргахыг зорьж буй хүн бүхэнд амжилт хүсье!