NAIDOC долоо хоногийг угтаж Австралийн тэтгэлэгт оюутнууд Австралийн уугуул иргэдийн соёлоос суралцав
Нийтэлсэн: 2024-07-8
2024 оны 7-р сарын 7-14-нд Австрали улс даяар Австралийн уугуул иргэд, Торрес Стрэйт арлынханы соёл, уламжлалыг тэмдэглэдэг NAIDOC долоо хоногийн баярыг тэмдэглэдэг. Тус соёлын өдөрлөгийг угтаж Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнууд аброгенчууд буюу нутгийн уугуул иргэдийн соёлыг сурталчлах үйл ажиллагаанд оролцсон нь тэдний соёл, түүх, ололт амжилтуудаас суралцах боломжийг олгов.
Тус өдөрлөгийн онцлох үйл явдлуудын нэг нь Өмнөд Австралийн Икара-Флиндерс Рэйнэс тусгай хамгаалалттай газар гурван өдөр, хоёр шөнийн турш үргэлжилсэн Австралийн уугуул иргэдийн соёлоос суралцсан туршлага байв. Өмнөд Азийн орнуудын уугуул иргэд болон гадуурхагдсан бүлгүүдийн сонгогдсон төлөөлөл бүхий Өмнөд Ази, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж буй 14 оюутан Австралийн олон мужуудаас ирж оролцсон. Эрдэмтэд Икара-Флиндерсийн тусгай хамгаалалттай нутгийн уугуул эзэд болох Адняматханхачууд хүрээлэн буй орчноо хэрхэн хайрлан хамгаалж байгаа талаарх ойлголт мэдлэгтэй болсон.
Оюутнууд мөн Икарад түүдэг галаа тойрон сууж, нутгийн уугуул иргэдийн NAIDOC соёлын өдөрлөгийн ‘Түүдэг галаа дүрэлзүүлэн асаацгаая! Блак, чанга дуугаар, бахархалтайгаар дуу хоолойгоо хүргэе’ хэмээх энэ жилийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тэтгэлэгт оюутан Б. Арай Икара нутагт хийсэн соёлын хөтөлбөрт хамрагдсан талаар туршлагаа хуваалцав. Тэрээр “Эртний хадны сийлмэл зургуудыг үзэх явцдаа Монгол улстай минь гүн гүнзгий холбоотой болохыг мэдэрсэн. Би Тахилгат хавцал (Sacred Canyon)-д аялахдаа үзсэн тэмээн хяруул, имжийг дүрсэлсэн хадны сийлмэл зургууд Монгол улсад минь эртний хадны сүг зурагт хадгалагдан үлдсэн баялаг өвийг санагдуулсан юм. Тэдгээрт өвөг дээдэс, байгаль дэлхий хоорондын гүн гүнзгий уялдаа холбоог бэлгэдсэн аргаль, хандгай, одос үхэр, янгир зэргийг дүрсэлсэн байдаг. Энэхүү соёлын аялал нь бидний өвөг дээдсийн газар нутаг дахь зэрлэг ан амьтдыг дүрслэн, шүтэн биширч байсан хүн төрөлхтний нийтлэг зан үйлийг онцолсон нь Австрали, Монголын хоорондын соёл, түүхийн хэлхээ холбоог илтгэн харуулсан.”
Б. Арай Өмнөд Австралийн Икара-Флиндерс Рэйнэс тусгай хамгаалалттай газарт.
Мелбурн хотод оюутнууд Mornington Peninsula-ийн Хастингс дахь Виллум Варрейн абориген бут үржүүлгийн газарт зочилсон. Тус газрыг эзэмшиж, ажиллуулдаг Виллум Варрейн уугуул иргэдийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, Куандамука уугуул нутгийн иргэн Питер Алденховен “Нутаг оронд минь тавтай морилно уу” хэмээн ариулах галын утаа гаргах ёслолоор (smoking ceremony) соёлын өдөрлөгийг эхлүүлж, шар өнгийн байгалийн шороон будгаар нүүр будах (face-painting using ochre) нутгийн зан заншлаар үргэлжлүүллээ. Питер Алденховен мөн нутгийн уугуул иргэдийн хоол хүнсээ цуглуулдаг Koorie жим, уламжлалт урц, материаллаг соёл, Морнингтон хойгийн нутгийн ургамлын талаар мэдлэгээ хуваалцав.
Тэтгэлэгт оюутан О. Саруул “Ариулах галын утаа гаргах ёслолд оролцсон нь миний хувьд үнэхээр гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Энэхүү ёслол нь Виллум Варрейн уугуул иргэдийн нийгэмлэгийн Mornington Peninsula дахь баялаг зан заншил, сүсэг бишрэлийн зан үйлийг илтгэн харуулсан бөгөөд уугуул нутгийн ард иргэд өвөг дээдэс, байгаль орчинтойгоо хэрхэн нягт холбоотой байдгийг мэдрүүлсэн. Тус зан үйлийн туршид би амар амгаланг мэдэрсэн. Ариусгах, адислах тус зан үйл нь миний төрөлх нутгийн соёлыг санагдуулсан. Энэхүү соёлын хөтөлбөр нь нутгийн уугуул иргэдийн уламжлалын утга учир, үнэ цэнийг илүү ихээр ойлгож мэдэрч, биднийг халуун дотноор угтан авсанд талархаж байна.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
О. Саруул (зүүн талаас гурав дахь оюутан) нь Австралийн зүүн өмнөд эргийн Викториа муж дахь Виллум Варрейн аброген бут үржүүлгийн газарт зочилсон нь
Сидней хотын оюутнууд Австралийн Redfern уугуул иргэдийн корпорациас зохион байгуулсан круйз аялалд оролцож, Sydney Harbour-ын түүх, уламжлалт соёлтой танилцав. Круйз аялалын үеэр хөлөг онгоцонд Гадигал, Гурингай, Вангал, Гаммерайгал, Валлумедгал уугуул иргэдийн түүхүүдтэй танилцсаны дараагаар Кларк арлыг зорьж, колончлолын өмнөх үеийн уугуул иргэдийн ахуй амьдрал, далайн эргийн амьдралын хэв маяг, уламжлалт загас барих арга, хоол хүнс цуглуулах арга барилын талаар суралцсан.
Австралийн Redfern уугуул иргэдийн корпорацийн төлөөлөл Ц. Сэргэлэнг найрсгаар хүлээж авсан нь
Өмнөд Австралийн Аделейд хотод оюутнуудыг нутгийн уугуул Kaurna иргэдийн соёлын төвийн хамт олон Niina marni’ буюу төрөлх Kaurna хэл дээр “Тавтай морилно уу” хэмээн мэндчилж хүлээн авлаа. Австралийн уугуул иргэн, аялалын хөтөч Тайла нь Аделейд хотын өмнөд нутаг болох Kaurna-р зочлуулав. Үүнд, Warriparinga нугын 800 жилийн настай эртний мод болон Moana Sands тусгай хамгаалалттай паркаар аялах хөтөлбөрүүд багтсан.
У. Түвшинжаргал (зураг дээр зүүн талд) нь Аделейд хотын уугуул Kaurna иргэдийн соёлын төвийн ариулах галын утаа гаргах ёслол (smoking ceremony)-д оролцсон нь
Тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнууд дээрх газруудын түүх, соёлын ач холбогдлын талаар ойлголт мэдлэгтэй болов. Өдрийн турш хамтдаа аялаж, түүх соёлоор хэрхэн холбогдож, соёлын нийтлэг үнэт зүйлсийн талаар мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэв. Т. Уламбаяр “Ариулах галын утаа гаргах ёслолын үеэр галын үнэр эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн”-ээ илэрхийлэв.
Зураг дээр (зүүн талаас) П. Цолмон, Б. Сарантуяа, Д. Мэндбаяр, Э. Нэргүй, М. Мөнхзул болон О. Саруул нар Mornington Peninsula-ийн Хастингс дахь Виллум Варрейн аброген бут үржүүлгийн газарт зочилсон нь.