Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр
Нийтэлсэн: 2022-10-24
Мэдээ – 1
Нээлтийн үйл ажиллагаа
Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөрийн 9 дэхь элсэлтийн нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 10-р сарын 19-нд болж өнгөрлөө. Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр нь Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүрэлдэхүүн хөтөлбөр юм.
Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр нь Австрали улсад магистр болон докторын зэргээр суралцаж төгссөн төгсөгчдийн манлайллын ур чадварыг хөгжүүлэх, нийгмийн хөгжилд чиглэсэн өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ жил тус хөтөлбөрт нийт 22 оролцогч (17 эмэгтэй, 5 эрэгтэй) сонгон шалгарсан. Энэ бүлэгт оролцогчдын дийлэнх нь (68.2%) хувийн хэвшилд, 18.2% нь төрийн албанд, 13.6% нь иргэний нийгмийн салбарт ажиллаж байна.
Миний хувьд анх удаа эмэгтэйчүүдэд чиглэсэн хөтөлбөрт хамрагдаж байна. 9 дэх удаагийн Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт хамрагдах болсондоо баяртай байгаа. Ирэх найман сарын хугацаанд олон зүйл сурч, өөрийн мэдлэг чадвараа бусад оролцогчидтой хуваалцан, нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд гар бие оролцоно гэдэгт эргэлзэхгүй байна.” Оролцогч Б.Атар-Эрдэнэ
8 сарын цогц манлайлал, хөгжлийн хөтөлбөрийн турш оролцогчид манлайлал, харилцааны ур чадвараа хөгжүүлж, өндөр гүйцэтгэлтэй багийг хэрхэн бий болгох, мэргэжлийн харилцаа холбоо, сүлжээг хэрхэн ашиглах, удирдах талаар суралцана. Түүнчлэн шинийг санаачлагч, манлайлагч болж төлөвших, өөрийн манлайллын хэв маягийг бий болгох боломжийг тус хөтөлбөр олгох юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Австралийн Элчин Сайдын Яамны төлөөлөл, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хамт олон болон Зориг сангийн төлөөлөл, Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн оролцогч, төгсөгчид оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааг нээж Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дэд дарга У. Бямбасүрэн, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Лүндэнгийн Энхтүвшин нар хөтөлбөрийн 9 дахь элсэлтийн оролцогчдод баяр хүргэж, Монгол улсын хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал нэн чухал болохыг онцлов. Хөтөлбөрийн албан ёсны үйл ажиллагаа өндөрлөсний дараа зочид төлөөлөгч, оролцогчид өөр хоорондоо танилцаж, сонирхолтой яриа өрнүүлэх боломж олдсон юм.