Хөдөө Аж Ахуйн Салбар дахь Эмэгтэйчүүдийг Чадавжуулах богино хугацааны сургалтын төгсөлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа
Нийтэлсэн: 2022-10-4
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Хөдөө Аж Ахуйн Салбар дахь Эмэгтэйчүүдийг Чадавжуулах” богино хугацааны сургалт 3 сарын хугацаанд зохион байгуулагдаж, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төгсөлтөө Корпрэйт Конвэншн центрт хийлээ. Төгсөлтийн арга хэмжээнд Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кэйти Смит болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга М.Дондогдорж нар төгсөгчдөд баяр хүргэж, цаашдын ажил бүтээлд нь амжилт хүссэн юм. Төгсөгчдийн төлөөллөөс Л.Энхтуяа, Ж.Амарсайхан, Ч. Нарангэрэл нар сургалтын үйл ажиллагаа, хүрсэн үр дүнд талархсан сэтгэгдлээ илэрхийллээ.
Оролцогчид сургалтын хүрээнд санаачлан хэрэгжүүлсэн тогтвортой, хүртээмжтэй хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд чиглэсэн 17 төслийнхөө танилцуулга, хэрэгжилт, хүрсэн үр дүнг танилцууллаа. Түүнчлэн, арга хэмжээний үеэр оролцогчид өөрсдийн ажилладаг байгууллагуудынхаа үйл ажиллагаа, бүтээгдэхүүний дээжээр үзэсгэлэн гарган арга хэмжээнд оролцсон хүмүүст танилцуулсан юм.
Богино хугацааны сургалтад хамрагдсан төгсөгчдөд Австралид төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Лут-Очир баяр хүргэж, Австралид төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг танилцуулан, сургалтын хүрээнд бий болгосон мэргэжлийн хүрээлэл болон Австрали улстай үргэлжлүүлэн холбоотой байх үүднээс холбоондоо нэгдэхийг уриаллаа.