< Өмнөх хуудас руу буцах

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр

Нийтэлсэн: 2021-02-8

Мэдээ – 2: Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр (ЭМХ)-ийн эхэлснээс хойш хөтөлбөрийн 20 оролцогчид манлайллын ур чадвар дээшлүүлэх сургалтуудад хамрагдсан. Үүнд: сэтгэл хөдлөлөө удирдахуй, жендэрийн тухай ойлголт, илтгэх урлаг, цагийн менежмент, багийн менежмент, карьерээ хөгжүүлэхүй болон төслийн менежментийн хичээлүүд багтсан. Ковид цар тахалтай холбоотой хөл хорионы улмаас бүх сургалтууд цахим горимд шилжиж, хуваарийн дагуу амжилттай явагдан оролцогчдод үр өгөөжөө өгсөөр байна.

Ур чадвар дээшлүүлэх сургалтаас гадна тус хөтөлбөр нь оролцогчдод салбар бүрийн манлайлагчидтай уулзаж тэдний туршлагаас суралцах боломжийг олгодог. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд дараах зочидтой цахим уулзалт хийсэн. Үүнд:

  • Доктор С. Оюун, Даян дэлхийн ногоон сангийн Гадаад хэргийн асуудал хариуцсан захирал
  • Ноён Дэйв Восэн, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд
  • Доктор Жэйн Томасон, шагналт зохиолч, захирал, технологийн шинэчлэлийн удирдагч, блокчэйн технологийн зөвлөх гэх мэт

Ноён Уэйн Томсон “Карьерээ хөгжүүлэхүй” сэдэвт сургалтын үеэр

Доктор Оюун өөрийн манлайллын туршлага, уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөн бол ноён Дэйв Восэн өөрийн ажлын замнал туршлагаасаа оролцогчидтой хуваалцав. Харин доктор Жэйн Томасон блокчэйн технологи, түүнийг ашиглан нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар яриа хийсэн. ЭМХ-ийн оролцогчид эдгээр уулзалтуудаас их зүйлийг сурч урам зориг авч байгаагаа онцлов.

Доктор Жэйн Томасон “Технологийн шинэчлэлд эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр яриа хийв.

Мөн тус хөтөлбөрийн онцгой ач холбогдолтой нэг хэсэг нь оролцогчдын хэрэгжүүлдэг нийгэмд чиглэсэн төслүүд байдаг. Энэ удаагийн оролцогчид өөрсдийн сонирхлоороо 4 багт хуваагдан доорх 4 төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд:

Боловсролд хүйс хамаарахгүй төсөл нь дээд боловсролд үүссэн жендэрийн тэгш бус байдлыг бууруулж эрэгтэй оюутан сурагчдын суралцах идэвх санаачлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн.  Тус төслөөр их дээд боловсролын салбарт үүссэн жендэрийн тэгш бус байдлын талаар олон нийтэд мэдээлэл хүргэж ухуулга явуулах, мөн төгсөх ангийн эрэгтэй сурагчдаас шалгаруулж богино хэмжээний ур чадвар дээшлүүлэх хөтөлбөр явуулна.

Мэргэжил сонголтын менторинг хөтөлбөр нь Говь – Алтай аймгийн Ахлах ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр бөгөөд тус хөтөлбөрт 700 сурагч хамрагдаж 100 сурагч мэргэжил сонголтын сургалт зөвлөгөө авна. Мөн сурагчдаас гадна багш нарыг чадваржуулж ирээдүйн сурагчдад мэргэжил сонголтод туслахад бэлдэнэ.

Өсвөр насны эрэгтэй сурагчдын сэтгэлзүйн боловсролыг дэмжих төслөөр Дархан Политехник Коллежид суралцаж буй эрэгтэй сурагч нарт сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх хэд хэдэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх тусгай танхим тохижуулж, дэмжлэгийн тогтолцоо бий болгох эрүүл дадал зуршил суулгах ажлууд багтана. Тус төслийн хүрээнд мөн олон нийтэд өсвөр насны хөвгүүдийн сэтгэл зүйн боловсрол болоод нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтуудын талаар нөлөөллийн ажил хийнэ.

Харааны бэрхшээлтэй иргэдийн англи хэлний төвшин сайжруулах болон олон улсын менторшип хөтөлбөрөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор англи хэлний сургалтын төвүүдийн материал болон хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлж олон нийтийн дунд боловсролын хүртээмжтэй байдлын талаар нөлөөллийн ажил хийхээр зорьж байна.

ЭМХ-ийн оролцогчид “Карьерээ хөгжүүлэхүй” сэдэвт сургалтын үеэр (2020 оны 11-р сарын 7)