< Өмнөх хуудас руу буцах

Төгсөгчдийг Угтан Авах арга хэмжээ

Нийтэлсэн: 2020-11-11

Австралийн Засгын газрын тэтгэлгээр магистр, докторын зэргийн сургалтыг дүүргээд, эх орондоо эргэн ирсэн 21 төгсөгчдийг угтан авах арга хэмжээ 2020 оны 11-р сарын 5-нд болж өнгөрлөө. Эдгээр 21 төгсөгчид нь биотехнологи, худалдаа, хөгжил судлал, хөгжлийн бэрхшээл судлал, нийгмийн ажил, нийгмийн хамгаалал судлал, инженерийн шинжлэх ухаан, эрүүл мэнд, мэдээлэл харилцаа холбооны технологи, жендэр судлал зэрэг олон чиглэлээр мэргэшсэн.

 

Тус арга хэмжээнд хоёр төгсөгч Австрали дахь туршлага, анхны сэтгэгдэл, академик сургалтын орчин, заах арга зүй, Австралид үүсгэсэн холбоос, сүлжээ ба ажлын туршлагаасаа бусадтай хуваалцлаа. Мөн Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Монголбанк, Этүгэн их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн ажил олгогчдын төлөөлөл оролцож, төгсөгчдөд баяр хүргэн, Монгол Улсын цаашдын хөгжилд оруулж буй хувь нэмэрт нь амжилт хүслээ.

Түүнчлэн Австралийн Гадаад Хэрэг, худалдааны яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Др Алекс Стивенс хүрэлцэн ирж, амжилттай суралцаад ирсэн төгсөгчдөд баяр хүргэн, Австралийн сургалтаас олж авсан ур чадвар, мэдлэгээ ашиглан өөрсдийн хүрээллээ тэлж, мөрөөдлөө биелүүлэхийг уриаллаа. Түүнчлэн тэрээр Австралийн ГХХЯ, Австралийн тэтгэлгээр төгсөгчдийн санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, төгсөгчдийн дунд зохион байгуулдаг Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөр, үүнтэй холбоотой арга хэмжээнүүд тухайлбал  нийгэмд чиглэсэн төсөл, Монгол-Австралийн нийгэмлэгийн (Моззис) үйл ажиллагаа болон мэргэжлийн хөгжлийн боломжуудын талаар онцлов.

Моззис-ийн төлөөлөгч, олон нийтийн үйл ажиллагаа хариуцсан дарга Ц.Лут-Очир Австралийн төгсөгчдийн холбооны талаар танилцуулж, 2020 оны 11-р сарын 7-ны өдөр зохион байгуулагдах Сагсан бөмбөгийн тэмцээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Скоүп Глобал компанийн төлөөлөгч Энхтүвшин, Төгсөгчидтэй хамтран ажиллах үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөөны талаар танилцуулж, төгсөгчдийн Буцаан байршуулах төлөвлөгөөг (Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргахад шаардагдах бичиг баримт) хэлэлцэж , өнөөгийн Монголын нөхцөл байдал, ажлын байрны хэрэгцээ болон шинээр олж авсан мэдлэг туршлага дээрээ үндэслэн дахин шинэчлэхийг сануулав. Төгсөгчид өөрсдийн хүсэл сонирхол, урам зориг, Австралийн мэргэшил, туршлагаа мэргэжлийн чиглэлээр Монголынхоо төлөө хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.