< Өмнөх хуудас руу буцах

Англи Хэлний Сургалтын нээлт

Нийтэлсэн: 2019-09-20

Австралийн Засгийн Газрын санхүүжилтээр хэрэгждэг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн Англи хэлний сургалтын нээлт 2019 оны 9 дүгээр сарын 16-нд боллоож өнгөрлөө. Энэхүү сургалт нь тэтгэлэгт шалгарсан 28 тэтгэлэг хүртэгчдийн Англи хэлний мэдлэгийг дээшлүүлж, Австралийн их дээд сургуулиудад элсэн орох Англи хэлний шалгуурыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Нээлтэд Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төлөөлөл, Австралийн тэтгэлэгийн төгсөгчид, тэтгэлэг хүртэгчид болон тус сургалтыг хамтран хэрэгжүүлэгч МУИС, Боловсрол сургалтын хүрээлэнгийн багш нар, төлөөлөл оролцов.

Боловсрол сургалтын хүрээлэнгийн ТУЗ-ын дарга Доктор Маналжав тэтгэлэгт шалгарсан оюутнуудад баяр хүргэж, цаашид амжилтад хүрэхэд шаргуу хөдөлмөр, тэвчээр чухал болохыг онцлов. Мөн МУИС-ын Гадаад хэлний төвийн захирал Доктор Отгонтуяа IELTS оноогоо сайжруулж Австралийн их дээд сургуулиудад магистрын түвшинд суралцах боломжийг ашиглахын тулд чадах бүхнээ хийхийг уриалав. Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал ноён Саймон Фразер тэтгэлэгт шалгарсан оюутнуудад баяр хүргэж, тэдний цаашдын сурлагад амжилт хүслээ.

Тэтгэлэгт шалгарсан оюутнуудын Англи хэлний мэдлэгийн түвшингээс хамаарч тус сургалт хоёр үе шаттайгаар зохион байгуулагдахыг Боловсрол сургалтын хүрээлэнгийн багш нар онцлов. Тэтгэлэгт шалгарсан оюутнуудын IELTS/TOEFL-ийн оноог ахиулах зорилготой сургалт 10 ба 14 долоо хоногийн турш үргэлжлэх бол Австралийн их дээд сургуулиудын элсэлтийн шалгуурыг хангасан оюутнууд Боловсрол сургалтын хүрээлэн болон Австралийн НьюКастлийн их сургуулийн хамтарсан 6 долоо хоногийн академик бэлтгэл сургалтад бүтэн цагаар хамрагдана. Англи хэлний сургалтын зохицуулагч багш Сара Жоннсон тэтгэлэгт тэнцсэн оюутнуудад баяр хүргэж Англи хэлний мэдлэгээ ахиулж хүссэн сургуульдаа ороход нь амжилт хүслээ.

Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч Азийн хөгжлийн банкны төслийн боловсролын мэргэлжилтэн Т.Сарантуяа, МУИС-ын Англи хэлний багш Х.Нуржан нар өөрсдийн туршлагаасаа хуваалцахаас гадна, Монгол Улс залуу мэргэжилтнүүдийг мэргэшүүлэхэд байнга хувь нэмэр оруулж буй Австралийн Засгийн газарт талархлаа илэрхийлсэн юм.

 

Англи Хэлний Сургалтын нээлт