< Өмнөх хуудас руу буцах

Австралийн тэтгэлгийн мэдээлэл өгөх уулзалт

Нийтэлсэн: 2023-03-8

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2024 онд олгох тэтгэлгийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалтыг 2023 оны 3 дугаар сарын 2-нд Соёлын Төв Өргөөнд зохион байгууллаа. Уг уулзалтанд Австралийн Элчин сайдын яам, Монгол Улсын засгийн газрын төлөөлөл, Австралийн хөтөлбөрийн газар, 2023 оны Австралийн тэтгэлэг хүртэгчид оролцов.

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн Зохицуулах Хорооны дарга У. Бямбасүрэн нар тус уулзалтыг нээж үг хэлэв. Тэд энэ жил Монгол улсад Австралийн тэтгэлэг олгож эхэлсний 30 жилийн ой тохиож буйгаараа онцгой ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Өдгөө 700 гаруй төгсөгч Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй гэлээ.

Үүний дараа Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас тэтгэлгийн талаар танилцуулга хийлээ. Тэд тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл, болзол шалгуур, тэтгэлэгт хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө өгсөн. Мөн 2023 оны Австралийн тэтгэлэгт тэнцсэн оюутнууд хэрхэн өргөдлөө амжилттай бэлдэж тэнцсэн өөрсдийн туршлагаас хуваалцлаа.

Уулзалтын төгсгөлд асуулт, хариултын хэсэгт оролцогчид сонирхсон асуултаа асууж, дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Тус уулзалтанд 700 гаруй хүн (70 орчим хувь нь эмэгтэйчүүд) оролцлоо. 2024 оны тэтгэлгийн өргөдөл гаргагчдад амжилт хүсье.