< Өмнөх хуудас руу буцах

2023 оны тэтгэлэг хүртэгчдэд зориулсан Үдэлтийн Семинар

Нийтэлсэн: 2022-11-30

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2023 онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад зориулсан үдэлтийн семинарыг 2022 оны 11-р сарын 18-19-ний өдрүүдэд Хүүхдийн төв номын сангийн Австралийн танхимд зохион байгууллаа. Тэтгэлэг хүртэгч зургаан оюутан, тэдний гэр бүлийн гишүүд тус семинарт оролцов. Тус семинарт Австрали Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Кэйти Смит, Элчин Сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйвид Прэстон, Монголд ажиллаж буй Австралийн сайн дурын ажилтнууд, Австралид төгсөгчдийн Моззис холбооны төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин өөрийн багийн нэрийн өмнөөс тэтгэлэг хүртэгчдэд баяр хүргээд, тэднийг өөрсдийгөө болон гэр бүлийн гишүүдээ, мөн өөрсдийн хаана ажилладаг, сонгон суралцах чиглэлээ танилцуулахыг хүслээ.

Тус семинарын нээлтэнд Элчин сайд Кэйти Смит 2023 оны шалгаруулалтанд тэнцсэн тэтгэлэг хүртэгчид суралцахаар явах болсонд онцгойлон баяр хүргэв. Мөн тэрээр 2023 оны хувьд Монгол улсад Австралийн тэтгэлэг олгож эхлэсний 30 жилийн ой тохиож байгааг онцлон тэмлэглэлээ. Элчин сайд Австралийн соёлын ялгааны талаар зөвлөгөө хуваалцаж, тэтгэлэгт хүртэгчидтэй уулзаж, Австрали улсад байх хугацаандаа олон шинэ хүмүүстэй танилцаж Монгол, Австрали улсын харилцааг улам сайжруулах талаар хувь нэмрээ оруулахыг хүсэв. Тэрээр тэтгэлэг хүртэгчдэд сурлагын амжилт хүсэн ерөөж, буцаж ирээд Австралийн Гадаад Харилцаа, Худалдааны Яамны зүгээс Монгол Улсыг олон салбарт хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг сануулав.

Уг семинарын эхний өдөр Австралийн Гадаад Хэрэг, Худалдааны Яамнаас гаргасан Австралид сурч, амьдрах талаар зайлшгүй олгох ёстой мэдээллийг тухайлбал Австралид хэрхэн сурч, амьдрах талаар зөвлөгөө өгч ярилцав. Уг семинарт тэтгэлгээр суралцаад ирсэн хоёр төгсөгч оролцож, туршлагаасаа хуваалцлаа. Орон байр олох, гэр бүлээ аваачих, гэр бүлээр болон ганцаараа очиж суурьших, Австралид сурч, ажиллах талаар туршлагаасаа хуваалцсан нь удахгүй явахаар зэхэж буй тэтгэлэг хүртэгчдэд чухал мэдээлэл боллоо.

Семинарын хоёр дахь өдөр Австралийн соёлын талаар мэдээлэл авч бусад төгсөгчдийн туршлагаас суралцлаа. Тэтгэлэг хүртэгчид Брисбани, Канберра, Мелбурн зэрэг очиж сурах хотуудаар баг болж тухайн хотод сурч, амьдарсан төгсөгчид, Монголд ажиллаж буй Австралийн сайн дурын ажилтнуудын туршлагаас судаллаа. Түүнчлэн тэтгэлэг хүртэгчид бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авсан.

Австралид төгсөгчдийн Моззис холбооны төлөөлөл, Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн төгсөгчид хүрэлцэн ирж, нийт төгсөгчид Австралид төгсөгчдийн Моззис холбоонд нэгдэж, холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцох нь чухал гэдгийг дурдлаа. Эцэст нь тэд Австралийн тэтгэлэг хүртэгчдэд амжилт хүсэв.