< Өмнөх хуудас руу буцах

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр

Нийтэлсэн: 2022-07-25

Мэдээ – 7

“We Love Australia” Монгол дахь Австралид төгсөгчдийн холбооны арга хэмжээ, гэрчилгээ гардуулах ёслол:

Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөр (ЭМХ) 8 дахь удаагийн төгсөлтөө албан ёсоор зохион байгууллаа. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд оролцогчид ур чадвараа дээшлүүлэх олон чухал сургалт, арга хэмжээ, үдийн цайны ярилцлагад оролцож, багаараа нийгэмд хандсан 4 бичил төслийг амжилттай хэрэгжүүлэв. Оролцогчид 5-р сарын 26-ны өдөр “We Love Australia” Австралийн төгсөгчдийн арга хэмжээний үеэр гэрчилгээгээ гардан авсан юм. Уг арга хэмжээнд Австралийн Элчин Сайдын Яам, Монгол дахь Австралийн Худалдааны Танхим, Монгол-Австралийн Нийгэмлэг Моззис, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр, Зориг сан, ЭМХ-ийн төгсөгчид, Австралид төгсөгчдийн холбооны төлөөлөл оролцов. Энэхүү арга хэмжээний үеэр ЭМХ-ийн оролцогчид төгсөлтийн баяраа тэмдэглэж, Монгол дахь Австралид төгсөгчидтэй нетворкинг хийж, харилцаа холбоогоо нэмэгдүүлэн, соёл урлагийн үзүүлбэр үзэж сонирхон нэгэн үдшийг хамтдаа үр бүтээлтэй өнгөрүүлэв.

“Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрт хамрагдсан салбар бүрийн, төрөл бүрийн мэргэжилтэй шилдэг залуучуудтай хамт суралцах нь гайхалтай туршлага байлаа. Хөтөлбөрт оролцсоноор сорилтуудыг өөр өнцгөөс харж, аливаа асуудалд сониуч зангаар хандахад суралцсан.” – Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн 8 дахь удаагийн төгсөгч, Баатарчулууны Гэрэлмаа

Нийгэмд хандсан төслүүд

ЭМХ-ийн нэг чухал ач холбогдолтой хэсэг болох нийгэмд чиглэсэн төслүүд нь оролцогчдод хөтөлбөрийн туршид суралцсан ур чадвараа ашиглах боломжийг олгодог. Оролцогчид өөрсдийн сонирхолд үндэслэн 4 багт хуваагдан нийгэмд хандсан төслүүдээ амжилттайгаар хэрэгжүүлж дууслаа.

 

MeForMyself төсөл нь “Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв” (МСҮТ)-ийн оюутнуудын сэтгэцийн эрүүл мэнд, бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн мэдлэгийг дээшлүүлэх, өөрийгөө илэрхийлж сурахад нь туслах зорилготой. Багийн гишүүд “MeForMyself” бясалгал болон амралтын өрөөг бүрэн тохижуулж, сэтгэцийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн мэдлэг, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулжээ. Уг төсөлд 313 хүн (113 эмэгтэй, 200 эрэгтэй) болон сурагчдын эцэг эх, багш нар хамрагдсан.

 

A*Read төслийн гишүүд нь Монголд аутизм болон бусад тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан тэдний бичиг үсэг, хэл яриа, нийгмийн харилцааны чадварыг дэмжиж сайжруулах тусгай зориулалтын ном, сураг бичгийг дижитал хэлбэрээр хүртээмжтэй байдлаар хүргэх зорилготойгоор амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд нийт 34 хялбарчилсан номыг бэлтгэн олны хүртээл болгосон байна. Багийн гишүүд төслийг хүртээмжтэй болгох үүднээс номуудын дижитал хувилбарыг ашиглах зааварчилгаатай нь Аутизм ба Онцгой Хүүхдүүдийн Академийн вэбсайт дээр байршуулжээ. Үүнээс гадна гишүүд тусгай сургуульд сурдаг болон сургуульд сурдаггүй хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулж хялбарчилсан номыг 500 хувь хэвлүүлэн хүргэсэн байна.

 

Checkmate төсөл нь иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 4 өөр байршилд (Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 65-р дунд сургууль, Төв аймаг) талбайн шатрын хөлөг байршуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Багийн гишүүд холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас зөвшөөрөл авч, шатрын бүрэлдэхүүн хэсгүүдийг захиалгаар хийлгүүлж, мөн олон нийтэд төслөө таниулах ажлуудыг хийжээ.

Цаг өгье төсөл нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны сургуулийн өсвөр насны охид, эмэгтэйчүүдэд шинэ ур чадвар, мэдлэг эзэмшүүлэх зорилготойгоор амжилттай хэрэгжиж дууслаа. Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн эмэгтэйчүүдэд нийгмийн хөгжлийн төв байгуулан тохижуулж хүлээлгэн өгсөн. Уг төвд 50 эмэгтэй угаалга, шүршүүрийн үйлчилгээг нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглах бөгөөд төслийн багийнхан нийгмийн сүлжээнд үйл ажиллагааг нь олон нийтэд таниулах зорилгоор мэдээ, нийтлэл, видео контентуудыг хүргэжээ. Энэхүү төсөл нь нийт 868 хүнд хүрч эерэг нөлөө үзүүлсэн байна.