< Өмнөх хуудас руу буцах

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр

Нийтэлсэн: 2022-05-10

Мэдээ – 6

Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн (ЭМХ) оролцогчид 4-р сард хоёр томоохон арга хэмжээнд оролцлоо.  Үүнд Төрийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал сэдвийн хүрээнд үдийн цайны ярилцлага болон Эмэгтэйчүүдийн Улс Төрийн Манлайллын хөтөлбөрийн төгсөгчидтэй хамтран нетворкинг арга хэмжээг зохион байгуулсан юм.

Мөн оролцогчид Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй үдийн цайны уулзалт хийж түүний манлайллын туршлагын талаар ярилцав. Энэ уулзалтаас оролцогчид урам зориг авч, хөтөлбөрийн зүгээс зохион байгуулж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаануудад улам сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн талархал илэрхийлсэн юм.

“Салбар бүрийн нэр хүндтэй удирдагчидтай уулзаж буйдаа маш их талархаж байна. Хөтөлбөрийн үдийн цайны ярилцлагын үйл ажиллагаа нь бидэнд үнэлж барашгүй сургамж өгдөг.” – ЭМХ-ийн оролцогч.

Оролцогчид 4-р сарын 28-ны өдөр Эмэгтэйчүүдийн Улс Төрийн Манлайлал хөтөлбөрийн төгсөгчидтэй хамтран зохион байгуулсан нетворкинг арга хэмжээнд оролцов. Эмэгтэйчүүдийн Улс Төрийн Манлайллын хөтөлбөр нь Конрад Аденауэрын сангийн дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн Төлөөх Эмэгтэйчүүд” ТББ 8 дахь жилдээ хэрэгжиж байгаа юм. Уг арга хэмжээнд Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр, Зориг сан, Өөрчлөлтийн Төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын төлөөлөгчид, Эмэгтэйчүүдийн Улс Төрийн Манлайллын хөтөлбөрийн төгсөгчид болон ЭМХ-ийн оролцогч нар оролцлоо. Тус арга хэмжээг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Лүндэнгийн Энхтүвшин, Зориг сангийн Хөтөлбөрийн захирал Ганхуягийн Марал болон Өөрчөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын гүйцэтгэх захирал Аюушийн Анударь нар албан ёсоор нээж үг хэлсэн бөгөөд нийт оролцогчид жазз хөгжмийн үзүүлбэр үзэж, тоглоом тоглон, үдшийг үр бүтээлтэй сайхан өнгөрүүлж танилын хүрээгээ нэмэв.