< Өмнөх хуудас руу буцах

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр

Нийтэлсэн: 2021-12-9

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн танилцах үйл ажиллагаа

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн 8 дахь элсэлтийн нээлтийн үйл ажиллагааны дарааг хөтөлбөрийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох танилцах үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа үеэр оролцогчид ур чадварын сургалтуудад хамрагдаж, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нийгмийн хөгжилд чиглэсэн бичил төслийн талаар ойлголттой болоход чиглэсэн арга хэмжээ байв.

Уг үйл ажиллагаа нь 10-р сарын 30-ны өдрөөс 10-р сарын 31-ний хооронд зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааны гол зорилго нь оролцогчид өөрийгөө танин мэдэх, багаар ажиллах ур чадвар болон бусад чадваруудаа нэмэгдүүлэхэд оршино.

Үйл ажиллагааг нээж Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Лүндэнгийн Энхтүвшин болон Зориг сангийн гүйцэтгэх захирал Баяраагийн Цолмон нар “Хувь хүний ялгаа ба хэв маягийн үнэлгээ” сэдвээр сургалт орж, үүгээр оролцогчид өөрсдийн зан чанарыг илүү сайн ойлгож, тодорхойлсон юм. Түүнчлэн, оролцогчид багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх сургалтуудад хамрагдлаа.

Мерси Кор Монголын хөтөлбөр хариуцсан захирал Марк Тассе өөрийн 30 гаруй жилийн туршлагаасаа хуваалцан, төслийн менежментийн арга зүйн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн салшгүй, чухал хэсэг нь нийгмийн хөгжилд чиглэсэн бичил төсөл хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн оролцогчид 4 багт хуваагдаж хөтөлбөрөөс сурсан туршлагаараа өндөр гүйцэтгэлтэй багийг бүрдүүлж, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах бичил төслүүд хэрэгжүүлдэг билээ. Оролцогчдод хэрхэн төслөө амжилттай хэрэгжүүлэх талаар илүү ойлголттой болоход нь туслах зорилготойгоор Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн 3 төгсөгчдийг зочин илтгэгчээр урьж, тэд багаараа хэрэгжүүлж байсан төслүүдээ танилцуулан, оролцогчидтой туршлагаа хуваалцлаа. Дараа нь оролцогчид өөрсдийн төслийн танилцуулга дээр ажиллаж, Монголын нийгэмд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл, санаа бодлоо уралдууллаа.

Үйл ажиллагааны 2 дахь өдөр оролцогчид төслөө хэрэгжүүлэхэд туслах ур чадваруудыг дээшлүүлэхэд чиглэсэн. Энэ хэсгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол дахь Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Энхбаярын Хишигжаргал “Загварчлах Сэтгэлгээ” дасгал ажил бүхий сургалтаар эхэлж оролцогчид бүтээлч сэтгэлгээгээ ашиглан, төсөөллөө бодит болгоход суралцсан байна. Үүний дараагаар “UBP Media” компаний гүйцэтгэх захирал Эрдэнэбаатарын Түвшин компанит ажлын менежментийн талаарх туршлагаа хуваалцаж, компанит ажлаар дамжуулан олон хүнд хэрхэн амжилттай нөлөөлөх талаар ярилцсан юм. Үйл ажиллагааны төгсгөлд Зориг сангийн хөтөлбөрийн зохицуулагч Мягмарсүрэнгийн Ренчин оролцогчид нийгэмд хандсан бичил төслөө олонд танилцуулахад явцад илтгэл хэрхэн боловсруулах талаар сургалт орсон юм.

Уг хоёр өдрийн танилцах үйл ажиллагаа өндөрлөж, оролцогчид бие биетэйгээ  танилцан, танилын хүрээгээ тэлж, хөтөлбөрийн талаарх хүлээлт болон ойлголтоо сайжруулсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.