< Өмнөх хуудас руу буцах

Л. Лхагвасүрэн аймгуудын хүүхэд, залуучуудын хөгжлийн төлөө ажиллаж байна

Нийтэлсэн: 2021-12-7

Alumni, Experience, Impact,

Ламжавын Лхагвасүрэн: Аймгуудын хүүхэд, залуучуудын хөгжлийн төлөө ажиллаж байна

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Өмнөд Австралийн Флиндерсийн их сургуулийг төгссөн Ламжавын Лхагвасүрэн Орхон аймагт оршин суудаг. Тэрээр гадаад улсад олон улсын оюутнуудтай мөр зэрэгцэн суралцахыг мөрөөддөг байв.

Лхагвасүрэн 2009-2013 онд Монгол Улсын Их Cургуульд нийгмийн ажлын бакалаврын зэргээр суралцаж байхдаа Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар анх мэдээлэл авсан. Харин 2017 онд Орхон аймагт зохион байгуулагдсан тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулах сургалтаас тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан нь түүнийг тус тэтгэлэгт өргөдөл гаргахад хөтөлсөн. 2018 онд Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтэст нийгмийн ажилтнаар ажиллаж байхдаа Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Өмнөд Австралийн Флиндерсийн их сургуульд Нийгмийн ажлын магистрын зэргээ хамгаалсан.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр түүнийг гэр бүлээрээ Австрали улсад суралцаж  байх хугацаанд маш олон талаар дэмждэг байсанд талархалаа илэрхийлсэн. “Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зөвхөн тэтгэлэгт хүртэгч төдийгүй гэр бүлд нь олгож буй маш том боломж юм. Бидний ​​хувьд манай хүүхдийн сургууль төлбөргүй байсан нь бидэнд оруулж буй том хөрөнгө оруулалт байлаа” гэж тэрээр онцлов.

Лхагвасүрэн гэр бүлийнхээ хамт Виктория мужийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, бусад тэтгэлэгт оюутнууд, тэдний гэр бүлийнхэнтэй хамт Сидней хотруу аялсан тухайгаа хуваалцав.

Суралцаж байх хугацаандаа нийгмийн ажилтнуудтай хамтран ажилласан нь мэргэжлийн болон хувь хүний ​​ ур чадвараа хөгжүүлэхэд нь тусалсан. Нийт найман сарын хугацаанд хоёр байгууллагад ажиллаж, туршлага хуримтлуулсан. Тэрээр өндөр настны асрамжийн төвд дөрвөн сар ажиллаж, дараа нь орон гэргүй хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө, эдийн засгийн туслалцаа үзүүлдэг байгууллагад сайн дурын ажил хийжээ.

Сургуулиа төгсөж ирснээс хойш Японы Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл дээр ажиллаж байна. Тэрээр нийт таван аймгийн 25 сумдын хүүхэд, залуучуудад зориулсан ур чадвараа хөгжүүлэх, бизнес эрхлэх сургалтуудыг зохион байгуулж байна. Төслийн гол зорилго нь хүүхэд, залуучуудын ур чадварыг дээшлүүлэх, тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, алслагдсан сумдад ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх юм. Лхагвасүрэн Австралид суралцах хугацаандаа олж авсан ур чадвар, мэдлэгээ ашиглан эдгээр сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж байна.

Энэ онд Лхагвасүрэн хот, хөдөө орон нутагт ажиллаж буй Монголын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн салбарын эмэгтэй удирдагчдыг бэлтгэх зорилготой Эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэх богино хугацааны сургалтанд хамрагдсан. Сургалтын зорилго нь Монгол дахь эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээг бий болгох, стратеги боловсруулахад оршиж байлаа. Энэхүү сургалтаар Лхагвасүрэн манлайллын ур чадвараа улам сайжруулж, салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүдтэй танилцаж, нетворк бий болгож чадсан.

Лхагвасүрэн Австралид суралцаж ирсэн нь түүнд эерэг үр өгөөжөө өгч байгааг тэмдэглээд, бусад хүмүүсийг, тэр дундаа орон нутгаас Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг уриалж байна. “Миний харж байгаагаар орон нутгаас Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах нь давуу тал болдог. Орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг уриалж байна” гэж тэрээр хэлэв.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж олж авсан мэдлэг, ур чадвараа ашиглан эх орондоо хүүхэд, залуучуудын төлөө өөрчлөлт хийх боломж олгосонд талархаж, бусад хүмүүс ч мөн адил үр өгөөжийг нь хүртээсэй гэж боддог тухайгаа мөн хуваалцав. “Хүн бүр энэ сайхан боломжийг бүү алдаасай гэж хүсч байна” гэв.

Лхагвасүрэнгийн Австралийн тэтгэлэгт хамрагдсан түүхийн талаар дэлгэрэнгүй видеог эндээс үзнэ үү: www.youtube.com/watch?v=OU-BmGTOeYM