< Өмнөх хуудас руу буцах

“Наадмын өмнөх уулзалт” үйл ажиллагаа зохион байгууллаа

Нийтэлсэн: 2021-07-1

Австралийн Тэтгэлэгт хөтөлбөрийн газраас ‘Оролцоо’ сэдвийн хүрээнд “Наадмын өмнөх уулзалт” үйл ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим үйл ажиллагаанд Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн, Монгол улсаас Австрали улсад суугаа Элчин сайд Батлайн Чулуунхүү, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Австрали улсад суралцаж буй оюутнууд, тэтгэлэгт хөтөлбөрт 2020, 2021 онуудад шалгарсан оюутнууд уригдав. Элчин сайд Дэйв Воусэн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ COVID-19 цар тахлын улмаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дурьдаад, бие биедээ тусалж дэмжиж байхын чухлыг онцоллоо. Элчин сайд Батлайн Чулуунхүү үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон тул оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж буй, суралцахаар шалгарсан нийт оюутнуудад амжилт хүссэнийг уламжлав.

Цахим үйл ажиллагааны үеэр Аделайд, Мелбурн, Сидней, Брисбен, Хобарт, Перт хотод суралцаж буй оюутнууд, тэтгэлэгт хөтөлбөрт 2020, 2021 онуудад шалгарсан оюутнууд мэндчилгээ дэвшүүллээ. Үүний дараа оролцоо, жендерийн тэгш хүртээмжтэй байдал сэдэвт цахим асуулт хариултын тэмцээн, гар зургийн уралдаан зохион байгуулагдав. Мөн Монгол, Австрали улсын үндэсний хоолны танилцуулга зохион байгуулагдлаа. Урлагийн үзүүлбэрүүд бэлдэн ирүүлснээс Монгол улсад суугаа Австрали улсын Элчин сайд болон элчин сайдын ажилтуудын үзүүлбэр тус өдрийн онцлох үзүүлбэр байлаа.

“Наадмын өмнөх уулзалт” үйл ажиллагааны төгсгөлд Монгол Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн ажилтнууд мэндчилгээ дэвшүүлц, суралцаж буй оюутнуудад амжилт хүслээ. Үүний дараа Элчин сайд Дэйв Воусэн тус арга хэмжээг зохион байгуулсанд талархал илэрхийлээд, суралцаж буй оюутнуудад амжилт хүсэж, тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд тун удахгүй Австрали улсыг зорино гэдэгт найдаж буйгаа илэрхийлснээр үйл ажиллагаа өндөрлөв.