< Өмнөх хуудас руу буцах

“Re-Branding Mozzies” төсөл

Нийтэлсэн: 2020-06-3

ТӨСЛИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт хамрагдаж буй Австралид төгсөгч таван залуус энэхүү “Re-Branding Mozzies” төслийг 2019 оны 12 сард санаачлан эхлүүлсэн. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр, Зориг сангийн хамтран хэрэгжүүлдэг уг хөтөлбөр нь жилд 20 төгсөгчийг шалгаруулан авч манлайллын чадавхийг бэхжүүлэхэд нь тусалдаг.

“Rebranding Mozzies” төслийн үндсэн зорилго нь Монгол Австралийн Нийгэмлэгийг шинэчлэх, ре-бренд хийх замаар Австралид төгсөгч олон нийтийг хүчирхэгжүүлэх, үүнийхээ хажуугаар Хүүхдийн төв номын сангийн Өрнө дахины уншлагын танхимыг олон улсын стандартад нийцүүлэн засч тохижуулах, тав тухтай орчин бүрдүүлж туслах юм.

Хүүхдийн төв номын сан нь Улаанбаатар хотын 750 гаруй дунд сургууль, цэцэрлэгийн номын сангуудад техник арга зүйн дэмжлэг үзүүлдэг хүүхдийн цорын ганц дагнасан номын сан бөгөөд өдөрт дунджаар 300 гаруй хүүхдүүдэд нийт 6 уншлагын танхимаараа дамжуулан үйлчилж байна.

Өрнө дахины уншлагын танхимын хувьд 105 ба 45 м2 талбай бүхий 2 өрөөтэй, ихэвчлэн 13-аас 21 насны хүүхдүүдэд англи, орос, испани, франц хэл дээрх номоор үйлчилдэг. Гэвч энэхүү танхим нь 1989 оноос хойш засвар хийгээгүй, маш хүйтэн, гэрэлтүүлэг муутай байдаг тул хүүхдүүд ихэвчлэн гэр лүүгээ номоо авч явдаг байна. Түүнчлэн паар нь эвдэрсэн, модон цонхнуудаар нь салхи сийгдэг, номын тавиурнууд нь хонхойж удаан тэсэхээргүй болсон байсан. Засвар хийж шинэ тав тухтай орчин бүрдүүлснээрээ бид хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ гэж хүсэн хүлээж байна. Энэхүү загвар нь Австрали номын сангийн жишгээр хийгдсэн бөгөөд бид өөрсдөө ийм орчинд сурч төгссөн хүмүүс билээ.

Бид жижиг өрөөг нь уулзалт, семинарын өрөө болгон бүтэн засч тоног төхөөрөмж суурилуулж байгаа бөгөөд багаар ажиллахад илүү тав тухыг бүрдүүлсэн болно. Бид үйлчлүүлэгч хүүхдүүддээ 4 ширхэг компьютер байрлуулж элекрон каталогоор ном хайх, компьютер дээр ажиллах боломжийг хангаж өгсөн байгаа. Түүнчлэн уншиж байгаа номынхоо хуудсыг хувилах боломж олгож принтер номын санчийн хажууд байрлуулж өгсөн. Стандарт хангасан ширээ, удаан суудаг хүүхдүүдэд зориулсан зөөлөн сандал, буйдан зэргийг мөн тооцож байрлуулсан болно.

Үүнээс гадна хүүхдүүд энд ном унших далимандаа Австрали улсын талаар мэдээлэл авах, соёлоос нь суралцах боломжийг олгосон. Монгол-Австралийн Нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд бид англи хэлний клуб ажиллуулах, сургах, гишүүдтэйгээ хамтран мэдлэгээ хуваалцах семинар, уулзалтуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бид хүүхэд бүрт анхаарч Хөгжлийн Бэрхшээлтэй хүүхдүүдэд ээлтэй байх зорилгоор налуу замыг 2 талд хийсэн ба тун удахгүй бие засах өрөөнд ХБ хүүхэд ашиглах боломжийг хангаж өгөхөөр ажиллаж байна.